Dark Light
Нийтлэл | 2025-04-21

С.ТЭМҮҮЛЭН: ААВЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙ УЙЛАХ ГЭТЭЛ “ААВ НЬ БОСООД ИРНЭ ЭЭ” Л ГЭЭД БАЙСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:06 цагийн орчимд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 15.3 тн газ тээвэрлэж явсан том оврын машин Патрол маркийн машинтай шүргэлцсэн осол гарсан. Ослын улмаас газ дэлбэрч долоон хүний амь нас хохирч,  таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хүнд, хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. Тухайн ослын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болохоор товлогдоод байна. 
Уг ослын үеэр амиа алдсан н.Сүхбатын хүү С.Тэмүүлэнтэй ярилцлаа. 
-Ослоос хойш жил 3 сарын хугацаа өнгөрлөө. Тухайн үед аав нь тэнд ажилтай явсан уу. Осол болсныг хэрхэн мэдсэн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Аав минь хувиараа бизнес эрхлэгч. Цемент тээврийн үйлчилгээ эрхэлдэг. Тухайн үед манайх жолоочгүй байсан учраас аав өөрөө тээврээ хийж байсан юм. Тэр өдөр аав Дорнод руу явах гэж байсан. Хол замд явахад хоол ундны асуудал гардаг.  Аав тээвэрт явахаар болоод намайг дуудсан. Би гэртээ мах чанаж, хэрчиж бэлтгээд аавдаа аваачиж өгсөн. Нэг ёсондоо би аавыг хөдөө тээвэрт явахад хоол ундыг нь зохицуулдаг. Дүнжингаравын замаар чигээрээ явахаар сургуулийн ард талд автобусны зогсоол байдаг. Түүгээр нь М6 чиглэлийн автобус явдаг юм. Автобус зогсохоор оройдоо тэр зогсоолд нь том тэрэг зогсдог. Шөнөдөө тэндээ амрах нь амраад, өглөө эрт хөдөө орон нутаг руу гардаг. Аав минь тэнд зогсоод хоёр сар гаруй болчихсон байсан. Тухайн үед би нэгдүгээр курсийн оюутан хичээлийн хоёрдугаар семестр эхэлчихсэн байсан. Оройн цагаар би жижиг тэргээ унаж очоод, бид хоёр зөрдөг байлаа. Аав гэр рүүгээ очиж ус цасанд ороод, хоолоо иднэ. Тэр хооронд би ачаа бараагаа, машинаа хардаг. Яг тухайн өдөр аав ирнэ гэж байснаа болиод “Очихоо болилоо. Миний хүү наашаа хүрээд ир” гэсэн. Тэгээд очтол “Миний хүү түр байж бай. Аав нь гялс гэр рүү очоод усанд орчихоод, хоолоо идчихээд ирье” гэсэн. Би за гээд л үлдсэн. Би маргааш өглөө нь эрт хичээлтэй байсан болохоор эртхэн унтъя гэж бодсон. Том тэргэн дотор жолооч нар амарч унтаж болдог. Аав руу очиход 23:20 цаг болж байсан. Аав нэг их удаагүй явсан. Би унтаад үлдсэн. Унтаж байтал ээж залгасан. “Аав чинь...” гэж хэлээд л утас нь тасарчихсан. Буцаагаад залгатал “Дүнжингаравт осол гарсан байна. Аав чинь өртчихжээ. Эмнэлэг рүү очсон гэнэ. Ээж нь эмнэлэг явлаа. Миний хүү Соёлоо ахаараа хүргүүлээд шууд эмнэлэг рүү хүрээд ирээрэй” гэсэн. Соёлоо гэдэг нь манай нөгөө том тэрэгний жолооч хийдэг, анхнаасаа аавтай цуг энэ ажлыг эхэлсэн ах байдаг юм. Соёлоо ах Чулуун овооноос гэрээсээ намайг ирж аваад бид хоёр эмнэлэг явсан. Жанжин клубээр Нарны гүүр рүү гардаг зам байдаг. Тэгээд Нарантуулын хойгуур Нарны замаар явж байтал 207 дугаар байр шатаж байгаа нь харагдсан. Онцгой байдлынхан ирчихсэн унтраах гээд ус нь дээшээ цацаж хүрэхгүй. Яг түүнийг нь хараад явсан. Ээж утсаар ярихдаа эмийн сангаас юм захисан. Нэг удаагийн халат, улавч гэх мэт зүйл. Бид хоёр Сансараар 24 цагийн эмийн сан байгаа байх гээд тэрүүгээр явсан юм. Ээжийн захисан юмнуудыг олж аваад Гэмтлийн Түлэнхийн төв рүү очсон. 
-Эмнэлэг рүү очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Яг үүдээр нь ортол нүүр нь түлэгдсэн ах сууж байсан. Тос түрхүүлээд боолт хийлгэсэн. Сайн харвал гоо сайханд нь өөрчлөлт орчихсон. Хальт харахад зүгээр юм шиг. Ойртоод очиход түлэгдсэн нь мэдэгдэж байсан. Тэр хүнийг хараад аавыг тиймэрхүү л байгаасай гэж бодсон. 
-Хэр удаж байж аавтайгаа уулзсан бэ?
-Үүр хүртэл сууж байгаад гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь аав руу орсон л доо. Аав минь аймшигтай болчихсон байсан. Юу гэх юм дээ. Хүнээр амьдаар нь боодог хийчихсэн юм шиг болчихсон байсан. Тийм аймар болтлоо түлэгдчихсэн. Ороход жаахан л хэсэг нь боолттой байсан. Боолтдоо ороод гараад иртэл мумми шиг болчихсон. Харахад үнэхээр аймшигтай дүр зураг. 
-Тухайн үед аавтайгаа ярилцаж чадсан уу?
-Аав тийм болчхоод зүгээр ярьж байсан. Би аавыг харчхаад уйлчих гээд байгаа шүү дээ. Тэгтэл “Аав нь босоод ирнэ ээ” л гээд байсан. 
-Эмнэлэгт хэр удаан байсан бэ?
-16 хоносон. Би аавдаа хоол цайг нь зөөнө. Хэрэгтэй эм тариаг нь зөөнө... Үнэхээр хэцүү... Хоёр дүүд минь ч хэцүү байсан. 
-Энэ нэг жил гурван сарын хугацаа хэрхэн өнгөрөөв?
-Энэ хугацаанд аав минь байсан бол яах байсан бол... Үнэхээр хэцүү өнгөрсөн цаг хугацаа... Наад зах нь аав минь гэр бүлээ тэжээдэг байсан. Ээж минь улсын эмнэлэгт ажилладаг байж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаа хийж чадахаа больсон. Улсад ажиллаад эцсийн эцэст биеэрээ л хохирсон байгаа юм. Аав нь минь л ганцаараа гэр бүлээ авч явна. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй боломжийн амьдарна. Эр хүн юм чинь гэр бүлээ авч явна. Хийх ёстой зүйлээ хийдэг эр хүн байсан. Тавуулаа байсан. Дөрвүүлээ болсон. Шууд л гэр эзгүйрсэн. Хичээлээ тараад ороход аав том өрөөндөө зурагт үзээд сууж байна. Гэр дүүрэн санагддаг байсан. Одоо хоосорсон. Аав байхгүй болсноос хойш манай гэр бүл гэр бүл байхаа больсон юм шиг санагдаж байгаа. Хоёр дүү минь дуугаа хураачихсан. Гэртээ ямар ч чимээ аниргүй талд талд л... Яг үнэндээ би гэртээ орох дургүй болсон. Яагаад ч юм оронгуут гэрт дулаахан мэдрэмж байхаа больчихсон. 
-Магадгүй хэн нэгэнд хандаж хэлэх үг их байгаа байх?
-Бидний хувьд гэр бүлээрээ, хүний амь насаар хохирлоо. Эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс зөндөө бий. Ямар олиг байх вэ дээ. Тэр байрыг авахын тулд ядаж л арван жил хөдөлмөрлөсөн байгаа шүү дээ. Тэгтэл нэг л шөнө бүх зүйл нь нүднийх нь өмнө шатчихдаг. Юу ч хийж чадахгүй. Цаашдаа газ хэрэглэнэ л гэж байна. Үнэнийг хэлэхэд өөрсдийн ямар ч зохион байгуулалтгүй, дүрэм журам байхгүй, стандартад нийцээгүй байж дахиад хэдэн ч хүний амь авах юм. Хэдэн ч хүн хохирох юм. Мэдэхгүй ээ. Тулгамдаж байгаа болохоор хэцүү байна... 
-Маргааш шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ үед юу бодогдож байна вэ?
-Жил гаруй хугацаа өнгөрчхөөд байхад энэ том хэрэг ядаж анхан шатны шүүх рүү шилжиж болох байсан. Тийм зүйл байхгүй. Шүүх хурлынх нь тов нь ч гараагүй. Юу болсон процессыг танилцуулаагүй. Хэрэг удаашралтай яваа. Зүгээр л хав дарах гээд дарж чадахгүй. Дэлгэх гээд дэлгэж чадахгүй л байгаа хэрэг. 
-Энэ хугацаанд та бүхнээс ямар нэг байдлаар уучлалт гуйсан хүмүүс бий юу?
-Дашваанжил бизнесийн байгууллага шүү дээ. Тийм байж ядаж ёс зүйтэй байж, ядаж л хэрэглэгчдээ боддог байх хэрэгтэй. Ямар ч эргэх холбоо байхгүй. Тэгсэн хэр нь бизнесийн үйл ажиллагаа нь яваад байдаг. Зүгээр л мөнгөний төлөө яваад байгаа хүмүүс шиг санагдаж байна. Би хүн гэмтээчихлээ гэвэл очоод яасан, ийсэн гээд л нааш цаашаа болдог. Тэгж байхад өчнөөн олон хүний амийг авчхаад ядаж тэр гурван гал сөнөөгч ах нарынд очсон уу? Байхгүй. Тэр газ байгаагүй бол хоёр машин шүргэлцээд тохиролцоод л сална. Тэгтэл тэнд газ байсан. Асгарсан. Жолооч нь гүйж гарч ирээд наад хүмүүсээ холдуул, бүгдээрээ холдоорой гээд орилсон бол болно шүү дээ. Тэгтэл тэр хоёр жолооч хоёулаа амьд үлдчихсэн. Бод доо. Үхэхээр байсан бол тэр хоёр яагаад үхэж болохгүй гэж... Хүний амь авраад үхсэн бол ядаж л баатар болно шүү дээ. Хийж байгаа ажлаа мэддэггүй, ажилдаа сэтгэл гаргадаггүй хүмүүс ямар байгааг харж л байгаа байлгүй.
Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00