Эхийн амь, хэвлий дэх хүүхдийн амь насанд ноцтой эрсдэл учруулсан хүнд нөхцөлд Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдийн шуурхай ажиллагаа, өндөр ур чадварын үр дүнд эх, нярайн амь насыг аварч чадлаа.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Гол судасны мэс заслын баг хамт олон 39 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд үүссэн цээжний гол судасны хуулралыг яаралтай оношлон, цаг алдалгүй мэс заслын тусламж үзүүлсэн байна.
Тухайн жирэмсэн эхэд цээж, нуруу, далаар хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрсний дагуу Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс онош тодруулахаар УГТЭ-ийн Зүрх судлалын тасагт яаралтай шилжүүлэн хүргүүлжээ. Улмаар төрөлжсөн мэргэжлийн эмч нар зүрхний эхо болон компьютер томографийн шинжилгээнд үндэслэн цээжний гол судасны хуулралыг шуурхай оношилсон байна.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын баг УГТЭ дээр яаралтай кесар хагалгааг амжилттай хийж, нярайг эсэн мэнд эх барин авсан юм.
Үүний дараа УГТЭ-ийн мэс заслын баг тархины сонгомол перфузийн нөхцөлд цээжний гол судсыг хиймэл судсаар солих, гол судасны хуулралыг засах өндөр эрсдэлтэй мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Арван жилийн өмнө манай улсад хийгдэх боломжгүйд тооцогдож байсан энэхүү нарийн төвөгтэй мэс заслын арга технологийг өнөөдөр УГТЭ бүрэн нутагшуулж, шаардлагатай хүний нөөцийг үе шаттайгаар бэлтгэн, эх орондоо амжилттай хэрэгжүүлж байна.
Эхийн амь насыг аварсан мэс заслын багийн хамт олныг Эмнэлгийн захирлын тушаалаар тус бүр нэг сарын үндсэн цалингаар шагнаж, урамшууллаа.
АДМИН








Эрүүл мэнд







