ХСҮТ-ийн судлаач Рэнцэнтавхайн Анужин ходоодны эрт үеийн хавдрын дурангийн эмчилгээний Монгол дахь үр дүнгийн судалгаагаа олон улсын эрдэмтдэд хэлэлцүүлэв.
БНСУ-ын Сөүл хотын "Lotte Hotel" танхимд 2026 оны 9 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Ходоодны хавдрын холбооноос зохион байгуулж буй, салбарынхаа 30 жилийн ойд зориулсан "KINGCA WEEK 2026" олон улсын конгресс амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг онкологч, мэс засалч, дата шинжээчид хуран цугласан тус хурлын албан ёсны хөтөлбөрт Монгол Улсаа төлөөлөн Хавдар Судлалын Үндэсний Төвийн (National Cancer Center) эмч, судлаач Рэнцэнтавхайн Анужингийн судалгаа шалгарч, тус конгресс дээр амжилттай танилцуулагдлаа.

Судалгааны гол сэдэв юу байв?
Рэнцэнтавхайн Анужин эмчийн удирдсан баг "Undifferentiated-Type Early Gastric Cancer: A Single-Center Experience from Mongolia" буюу "Монгол дахь ходоодны эрт үеийн ялгаран хөгжөөгүй өмөн үү (хорт хавдар): Нэг төвийн туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлээ хэлэлцүүлсэн юм.
-
Үндсэн агуулга: Энэхүү судалгаа нь ходоодны эрт үеийн хавдрыг дурангийн мэс заслаар (ESD) авсны дараах эмчилгээний үр дүн, тунгалагийн зангилааны үсэрхийллийн эрсдэлийг олон улсын "eCura" ангиллын дагуу Монгол хүнд анх удаа нарийвчлан тооцоолж, хяналтын менежментийг сайжруулахад чиглэгджээ.
-
Яагаад чухал вэ? Монгол Улс нь ходоодны хавдрын өвчлөл болон нас баралтын үзүүлэлтээр дэлхийд хамгийн дээгүүрт ордог тул эрт илрүүлгийг чанаржуулах, дурангийн хагалгааны дараах хүндрэлийг олон улсын жишгээр удирдах нь манай улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал юм.
30 жилийн түүхтэй "KINGCA WEEK" ба Монголын оролцоо
Энэ жилийн хурал нь "30 Years of Excellence: Challenging the Limits of Gastric Cancer Cure" (30 жилийн шилдэг түүх: Ходоодны хавдрыг анагаах хязгаарыг давах нь) уриан дор болж байгаа бөгөөд дэлхийн 24 орны 360 гаруй шилдэг судалгааг л багтаасан байна. Энэхүү өндөр шалгууртай дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний индэрт Монгол эмч нарын маань бичсэн шинжлэх ухааны өгүүлэл албан ёсоор багтаж, олон улсын эмч нартай мөр зэрэгцэн туршлага солилцож буй нь Монголын анагаах ухааны чадавх олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйн илрэл юм.
Дэлхийн хэмжээний томоохон хурлын индэр эх орныхоо нэрийг гаргаж, Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах шинжлэх ухааны үнэтэй хувь нэмэр оруулж буй залуу судлаач Рэнцэнтавхайн Анужин болон ХСҮТ, МҮАУИС-ийн нийт хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд




