ХБНГУ-ын Элчин сайд Томас Граф Хавдрын Үндэсний Зөвлөл, "Мишээл" сан болон малчдын хоршоотой түүхэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав.
Их хотын болон орон нутгийн бяцхан үрс, хүүхдүүдийн маань ирээдүй, эрүүл мэндэд чиглэсэн маш чухал, бодит дэмжлэгүүд хэрэгжихээр боллоо. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф Улаанбаатар хот болон Төв аймагт хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих зорилготой гурван шинэ төслийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр төслүүд нь хүүхдийн хорт хавдрын дараах сэргээн засах эмчилгээнээс эхлээд захын дүүргийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй шүдний тусламж үзүүлэх хүртэлх маш нарийн, хамгийн хэрэгцээтэй цэгүүдийг олж онилсноороо онцлог юм.
Хүүхдүүдийн төлөө хэрэгжих ГУРВАН ЧУХАЛ санаачилга:
-
Хорт хавдрын дараах сэргээн засах эмчилгээг бэхжүүлэх (Төв аймаг): Хавдар гэх хүнд өвчнийг даван туулж буй бяцхан баатруудад эмчилгээний дараах нөхөн сэргээлт хамгийн чухал байдаг. Төслийн хүрээнд Төв аймагт хүүхдүүдэд зориулсан сэргээн засах эмчилгээний чанартай тогтолцоог бүрдүүлж, эмнэлгийн орчныг сайжруулах юм.
-
Аюулгүй, шим тэжээлтэй хүнсний сүлжээ (Төв аймаг): Хавдрын эмчилгээний үед хүүхдэд өдөр тутмын шим тэжээл амин чухал. Үүнийг шийдэхээр эмчилгээнд нийцсэн, найдвартай сүү, сүүн бүтээгдэхүүн болон махны хангамжийн аюулгүй сүлжээг Төв аймагт бүрдүүлэхээр ажиллаж байна.
-
Эмзэг бүлгийн хүүхдүүдийн шүдний үйлчилгээ (Сонгинохайрхан дүүрэг, УБ): Нийслэлийн захын дүүрэг болох Сонгинохайрханы нийгэм, эдийн засгийн хувьд дэмжлэг шаардлагатай, эмзэг бүлгийн хүүхдүүдэд шүдний эмчилгээний тогтвортой үйлчилгээг бий болгож, үнэ төлбөргүй оношилж, эмчлэх боломжийг нээж байна.
Төслийг хэрэгжүүлэх "итгэлт түншүүд":
Энэхүү хүмүүнлэгийн томоохон ажлыг хөрсөн дээр нь буулгаж, үр дүнд хүргэхээр Герман Улсын Элчин сайдын яамтай дараах дотоод, гадаадын түншүүд гар бие оролцон ажиллаж байна:
-
Хавдрын Үндэсний Зөвлөл (Төлөөлөгч Г.Сумхүү, Д.Гантөмөр)
-
"Тэгш гурван булаг" малчдын хоршоо (Төлөөлөгч Ч.Оюун, Х.Идэржавхлан) – Хүүхдүүдийн аюулгүй хүнсний хангамжийг хариуцна.
-
"Мишээл" хүүхэд сан (Төлөөлөгч Габриэлла Шмидт-Корситто, Оливер Шнорр) – Захын дүүргийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг хариуцна.
Эдгээр төслүүд хэрэгжсэнээр сэргээн засах төвүүдэд чанартай хоол хүнс бэлтгэх орчин үеийн гал тогоо, тоног төхөөрөмж суурилагдахаас гадна шүдний өвчнөөс болж шаналж буй олон зуун хүүхэд ямар нэгэн төлбөрийн дарамтгүйгээр эрүүл, цагаан шүдтэй, өөртөө итгэлтэй инээмсэглэх боломжтой болох юм.
Хүүхдийн эрүүл мэнд бол Монгол Улсын ирээдүй. Хүнд хэцүү цаг үед хүүхдүүдийн маань төлөө бодит хөрөнгө оруулалт хийж буй Герман Улсын Элчин сайдын яам болон сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт төслийн хамт олон, малчид, эмч нартаа халуун талархал илэрхийлье! Ирээдүйн эзэд маань эрүүл саруул, аз жаргалтай өсөх болтугай
ТАТАР МАЙДАР






Эрүүл мэнд




