Монгол, Солонгосын эрүүл мэндийн уулзалт 8 жилийн дараа сэргэж, эмнэлгийн хиймэл оюун ухаанаар хамтрахаар болсон бөгөөд Монгол инженер, эмч нарт Солонгос улс цахим эрүүл мэнд, хиймэл оюун ухааны туршлагаасаа хуваалцана гэлээ.
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам хамтарсан Засгийн газар хоорондын эрүүл мэндийн зөвлөлдөх байгууллагын үйл ажиллагааг найман жилийн завсарлагааны дараа дахин эхлүүллээ. Сөүл хотын Жонно дүүрэгт байрлах Гадаад харилцааны яамны байранд болсон долоодугаар шатны зөвлөлдөх уулзалтад БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ли Хён Хүн болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр нар оролцож, энэ оны долоодугаар сард шинэчлэгдсэн Хамтын ажиллагааны санамж бичигт тулгуурлан тодорхой төлөвлөгөөнүүдийг баталсан байна.
Хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "1,000 эмч, нарийн мэргэжилтнийг бэлтгэх" төслийг БНСУ-ын талаас дэмжиж, эмнэлгийн ажилтнуудын солилцоог өргөжүүлэхээр тохиролцлоо. Үүний дагуу Монголын зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудад дөрвөн долоо хоногийн сургалтад хамрагдах ажээ. Өмнөх сургалтууд хувь эмч нарт чиглэдэг байсан бол энэ удаад хавдар судлал болон зүрх шилжүүлэн суулгах чиглэлийн багуудыг хамтад нь нэг баг болгон чадваржуулж, хамтарсан тусламж үйлчилгээний багц чадамжийг суулгахаараа онцлог юм. Мөн Монголын үндэсний хэмжээний томоохон төсөл болох Хавдар судлалын хоёрдугаар төвийн барилга угсралт, үйл ажиллагаатай холбогдуулан эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэхэд Солонгосын тал туслалцаа үзүүлэхээр болсон байна.
Мөн эрүүл мэндийн салбарын дижитал шилжилт, эмнэлгийн хиймэл оюун ухааны чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Хоёр улс эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, цахим эрүүл мэндийн технологи, кибер аюулгүй байдал болон эмнэлгийн өгөгдөл хамгааллын чиглэлээр технологи, бодлогын туршлагаа харилцан хуваалцахаар болсон бөгөөд ингэснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилго тавьж байна.
Үүнээс гадна БНСУ-ын эм, био-технологийн компаниудыг Монголын зах зээлд, ялангуяа төрийн худалдан авалтад оруулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцлээ. БНСУ нь өнгөрсөн онд 36.2 тэрбум воны үзүүлэлтээр Монгол Улсын эмийн импортын эх үүсвэрийн гуравдугаарт орсон байна. Талууд эмийн чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах, зайлшгүй шаардлагатай эмийн тогтвортой нийлүүлэлтийг хангахаар тохиролцсон бөгөөд БНСУ-ын Засгийн газар Монгол Улсад төлөвлөгдөж буй нэг нийлүүлэгчтэй эмийн нээлттэй тендерүүдэд өөрийн орны компаниудыг идэвхтэй оролцуулах, био-ижил бүтээгдэхүүн болон гэрээт үйлдвэрлэлийн чиглэлийн туршлагаасаа хуваалцан, эмийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг сургахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
ТАТАР МАЙДАР





Эрүүл мэнд





