Хятадын төрийн албан хаагчид гадаадын тагнуулын байгууллагад нууц мэдээлэл задруулсан хэргээр цаазаар авах ял оноожээ.
БНХАУ-ын төвийн аппаратын нэгэн албан хаагчид гадаадын улсад төрийн нууц задруулсан хэргээр цаазаар авах ял оноосон тухай тус улсын төрийн нууцыг хамгаалах байгууллагын харьяа сошиал хаягаас мэдээлснийг Reuters агентлаг уламжиллаа.
Хятадын Төрийн нууцыг хамгаалах үндэсний газрын хяналт дор ажилладаг “Baomiguan” албан ёсны хаягт Даваа гарагт нийтэлсэн мэдээллээр зөвхөн Ма гэх овгоор нь нэрлэсэн захиргааны албан хаагч хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байхдаа гадаадын тагнуулын байгууллагад элсэгджээ.
Тэрээр эх орондоо буцаж ирснийхээ дараа удирдагчийнхаа заавраар удаан хугацааны турш тагнуулын ажиллагаа явуулж, нийт 100 гаруй мэдээлэл дамжуулсны дотор хожим нь төрийн нууцад хамаарах нь тогтоогдсон 35 баримт бичиг багтсан байна. Үүнийхээ хариуд тэрээр нэг сая гаруй юань буюу 150 мянга орчим ам.долларын урамшуулал авсан гэж мэдээлэлд дурджээ.
ХЭРГИЙН НАРИЙН ШИРИЙНИЙГ НУУЦАЛЖ, СОШИАЛ МЕДИАД АНХААРУУЛГА БОЛГОН ТҮГЭЭВ
Тодорхойгүй шүүхээс Ма-д цаазаар авах ял оноож, хувийн бүх хөрөнгийг нь улсын орлого болгон хураах шийдвэр гаргасан байна. Гэвч түүний ажиллаж байсан төрийн байгууллагын нэр, аль улсын тагнуулын байгууллагад ажилласан, мөн хэзээ баривчлагдаж, ял сонссон болон цаазын ялыг гүйцэтгэсэн эсэх зэрэг нарийн мэдээллийг нууцалжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын төрийн нууцын зохицуулах байгууллага болон Улсыг аюулаас хамгаалах яам (MSS) албан хаагчдыг гадаадын тагнуул, мэдээлэгч болохоос сэрэмжлүүлэх зорилгоор ийм төрлийн нэр усгүй мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд түгээх нь нэмэгдсэн юм. Тус мэдэгдэлд:
-
“Далд фронт дээрх тэмцэл хэзээ ч зогсож байгаагүй бөгөөд тагнуулын байгууллагуудын арга барил улам бүр зальжин болж байна”,
-
“Бид үндэсний аюулгүй байдлын эрсдэлээс байнга сонор сэрэмжтэй байж, намын сахилга бат, нууц хадгалах ухамсараа бэхжүүлж, нийгмийн болон хувийн хүрээлэлдээ зүй бус нөлөө орохоос сэргийлэх ёстой” хэмээн анхааруулжээ.
Даваа гарагийн өглөө тус мэдээлэл Хятадын төрийн хэвлэлүүдээр өргөн цацагдаж, “Weibo” цахим сүлжээний хамгийн их хандалттай сэдэв болсон байна. Сануулахад, 2025 болон 2026 онуудад АНУ-ын Тагнуулын төв газар (CIA) Хятадын төрийн алба болон армийн хүрээнээс мэдээлэгч элсүүлэх зорилгоор хятад хэл дээрх зааварчилгаа бүхий видеонуудыг нийтэлж, Бээжингийн зүгээс үүнийг ширүүн шүүмжилж байсан билээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг


