Австрали чухал ашигт малтмалаа зөвхөн ухаж гаргах бус, “металлжуулах” шатанд шилжих шаардлагатайг Lowy Institute онцлон тэмдэглэжээ.
Австралийн олон улсын харилцааны судалгааны Lowy Institute хүрээлэнгийн шинжээч Самира Пиллай “Австралийн чухал ашигт малтмалын дараагийн алхам бол металлжуулалт (metallisation)” нэртэй дүн шинжилгээний нийтлэлдээ газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын зөвхөн баяжуулах, цэвэршүүлэх шатанд хөрөнгө оруулах нь өртгийн сүлжээний хамгийн өндөр ашигтай хэсгийг алдах эрсдэлтэйг онцоллоо.
Өнгөрсөн долоо хоногт Манила хотноо болсон “Quad” (АНУ, Австрали, Энэтхэг, Япон)-ын удирдагчдын уулзалтаар чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах шинэ хэлэлцээрүүдийг зарласан. Хэдийгээр Австрали улс лити, газрын ховор элементийн асар их нөөцтэй томоохон экспортлогч боловч түүхий эдээ зөвхөн “ухаад ачих” (dig and ship) загвараас татгалзаж, цэвэршүүлсэн ислийг өндөр цэвэршилттэй металл болгон хувиргах буюу металлжуулалтын (metallisation) шатыг эх орондоо хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг шинжээч тэмдэглэжээ.
ХЯТАДЫН НОЁРХОЛ БА 6.5 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН ЭРСДЭЛ
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тооцоолсноор 2024 онд соронзон газрын ховор элементийн дэлхийн цэвэршүүлсэн бүтээгдэхүүний 91 хувийг БНХАУ дангаар үйлдвэрлэсэн байна. Соронзон газрын ховор элементийн зах зээл жилд 10 тэрбум ам.доллар хүрэхгүй үнэлгээтэй ч хэрэв нийлүүлэлт нь тасалдвал дэлхийн эдийн засагт жилд 6.5 их наяд ам.долларын хохирол учруулах эрсдэлтэй аж.
Өндөр технологийн эд анги, батлан хамгаалахын систем, ногоон эрчим хүчний технологид неодим зэрэг газрын ховор элементийг ашиглахын тулд заавал металлжуулах шатыг дамжих ёстой. Одоогоор Австрали улс Баруун Австрали дахь “Iluka”-гийн Энеабба (Eneabba) үйлдвэрт 1.65 тэрбум ам.долларын зээл олгон газрын ховор элементийн исэл гарган авах шатанд хөрөнгө оруулж байгаа ч арилжааны түвшинд металлжуулах үйлдвэрлэлд хараахан хүрээгүй байна. Иймд тус улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцдөө тулгуурлан дэд бүтцээ хуваалцдаг аж үйлдвэрийн паркууд байгуулж, АНУ тэргүүтэй холбоотнуудын санхүүжилтийг (EXIM банкны 2.2 тэрбум ам.долларын хөтөлбөр гэх мэт) энэ шат руу чиглүүлэх ёстойг Lowy Institute зөвлөжээ.
МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ БА БОЛОВСРУУЛАХ ШАТНЫ СОРИЛТ
Австралид тулгарч буй “түүхий эдээ ухаад гаргах уу, эсвэл нэмүү өртөг шингээн металлжуулах уу” гэх энэхүү стратегийн сорилт Монгол Улсад ч яг ижилхэн тулгарч байна. Монгол Улс газрын ховор элементийн (ГХЭ) 3.1 сая тонн орчим батлагдсан нөөцөөрөө дэлхийд эхний 15-д багтдаг бөгөөд:
-
Гол ордууд ба хайгуул: Ховд аймгийн Мянгад суман дахь “Халзан Бүрэгтэй” болон Өмнөговь аймаг дахь “Хотгор” зэрэг томоохон ордуудын ТЭЗҮ хийгдэж, ашиглалтын бэлтгэл шатандаа явж байна.
-
Боловсруулах чиг хандлага ба “Алсын хараа-2050”: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Чухал ашигт малтмалын холбооноос дэвшүүлсэн 2023–2030 оны дунд хугацааны зорилтод зөвхөн хүдэр, баяжмал экспортлохоос татгалзаж, газрын ховор элементийг ялган салгах, улмаар цэвэр металл, хайлш болон неодим-төмөр-борын (NdFeB) соронзон үйлдвэрлэх өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилтыг тусгажээ.
-
Олон улсын түншлэл: Саяхан Сөүл хотноо болсон уулзалтаар БНСУ-ын тал Улаанбаатарт байгуулагдсан Газрын ховор металлын хамтын ажиллагааны төвийг түшиглэн нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь хамарсан түншлэл хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн нь Австралийн нэгэн адил Монгол Улс холбоотон орнуудын технологи, хөрөнгө оруулалтыг татаж, боловсруулалтын дараагийн шатанд шилжих бодит боломж байгааг харуулж байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг


