Өнгөрсөн амралтын өдөр Аса Арена жинхэнэ "халуухан" үдэш болж өнгөрлөө. Инфлүүнсэр, электро хөгжмийн хатан хаан DJ SODA-гийн Energy Party Show энд зохиогдсон юм. Эрч хүчтэй, хэмнэл мэдрүүлсэн энэ үдэш залуус олноороо цуглав. Хөгжим сонирхдог залуусын заавал очих газар л даа. Уран бүтээлчидтэйгээ хамт бүжиглэж, шөнийн амьдрал энд өрнөв. Манайхан нэгнээ хүндэлж, согтууруулах ундааг хэтрүүлэлгүй соёлтой шоуддаг болжээ. Стиллэг хувцасласан, гоёмсог будалттай, эрч хүчээр дүүрэн охид залуус энд цуглажээ. Тайзны өмнө хэсэгт хүмүүсийн бөөгнөрөл үүсэж, хөл гишгэх зайгүй болсон байлаа. Тайз руу ойртох тусам нэг л эхүүн үнэр аажим, аажмаар хамар эрвэгэнүүлнэ. Ийн явсаар тус үнэр хамар цоргим хурц болоод ирлээ.
Бидний мэддэг, ярьдаг тэр л үнэр өнөөг хүртэл байсаар байна. Тайзны ойролцоо удаан зогсох боломж хомс байлаа. Нүд аргаж, хоолой хорсон, эхүүн үнэрт дотор муухайрна. DJ Soda ч үе үе хамраа салфеткаар арчиж харагдана. Хамрын ханиадтай, аль эсвэл халууцаж хөлсөө арчсан байгаасай гэж залбирлаа. Яагаад бид XXI зуунд ариун цэвэр сахих асуудлыг шийдэж чадахгүй байна вэ. Соёлын довтолгооноос хойш 60 жил өнгөрөв. Соёлын ухралт өдгөө хаяанд ирчхэв үү. Монголчууд бид хотожсоор нэгэн зууныг элээсэн. Соёлын довтолгооны үед эмч нар хөдөө орон нутгаар явж, хүмүүсийг жилдээ хэд хэдэн удаа усанд орохыг зөвлөж, хумсаа авах, хувцсаа угаахыг заадаг байжээ. Гэтэл өнөөдөр бид өндөр барилгатай, том хотод амьдарч байгаа хэр нь цэвэрч байх асуудлаа шийдээгүй л явна.
Энэ үнэр зөвхөн шоу цэнгээнд ч биш. Такси барихад, автобусанд суухад, кино театрт үзэгчдийн дунд суухад хүртэл мэдрэгдэнэ. Автобусанд дөнгөж ороход л хэн нэгний ханцуйнаас эвгүй үнэр сэнхийнэ. Таксинд суухад жолоочийн хувцсанд шингэсэн тамхины үнэр, өөр нэг төрлийн үл мэдэгдэх үнэр сүлэлдэнэ. Энэ бүхэн хэвийн үзэгдэл биш шүү дээ! Цэвэрхэн байх нь зөвхөн өөртөө сайхан байх асуудал биш. Энэ бол бусдыг хүндлэх соёлын илэрхийлэл!
Хэрвээ бид... Хэрвээ бид өдөр бүр усанд ордог байсан бол, хэрвээ таксины жолооч нар өөрсдийн ариун цэврийг илүү анхаардаг байсан бол, хэрвээ нийтийн тээврээр зорчигчид "өчигдөр орой усанд орсон бил үү?" гэж нэг удаа боддог байсан бол энэ бүхэн өөр байх байлаа. Энэ Зөвхөн эрүүл ахуйн асуудал биш. Бусдыг хүндэлдэг соёлын илэрхийлэл юм. Би тэр үдэш, шоугаа дуусгаж, сүүлд хүйтэн шүршүүрт орж байж сая нэг амьсгаа авах шиг болсон. Энэ асуудалд энгийн бөгөөд ганцхан шийдэл бий. "Өглөө бүр усанд оръё, Монголчууд аа!" Ингээд, дараагийн томоохон арга хэмжээн дээр уулзахдаа нэгнийхээ хувцас, үнэрийг биш, зөвхөн хөгжим, хэмнэлийг л мэдэрцгээе!