Dark Light
Урлаг соёл | 2026-11-10

2026 ОНЫ БҮҮКЕРИЙН ШАГНАЛЫГ 81 НАСТАЙ ЗОХИОЛЧ М. ЖОН ХАРРИСОН ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Kirsty Wigglesworth / АР

Британийн зохиолч Майкл Джон Харрисон Бүүкерийн шагнал (Booker Prize) хүртсэн анхны шинжлэх ухааны уран зөгнөл зохиолч боллоо. Өдгөө 81 настай түүний постапокалиптик төрлийн “Бүх зүйлийн төгсгөл” (The End of Everything) роман тус нэр хүндтэй шагналыг дагалдах 50,000 фунт стерлингийн хамт хүртсэнийг "The Guardian" сонин мэдээлэв.

Хэвлэлийн хуудсанд онцолсноор, Харрисон нь Бүүкерийн шагналын түүхэн дэх хамгийн өндөр настай шагналтан болж шинэ рекорд тогтоожээ. Өмнөх дээд амжилтыг Канадын алдартай зохиолч Маргарет Этвуд 2019 онд 79 насандаа уг шагналыг авахдаа эзэмшиж байсан юм.

Бүүкерийн шагналын сангийн гүйцэтгэх захирал Габи Вүд хэлэхдээ, урьд өмнөх шагналын эздийн дунд шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр оролдож байсан тохиолдлууд бий ч Харрисон бол "жинхэнэ зөгнөлт зохиолын ертөнцөөс тодорсон анхны Бүүкерийн эзэн" гэдгийг тэмдэглээд, үүнийг олон арван жилийн хөдөлмөрөө зориулсан зохиолчийн хувьд "түүхэн ялалт" хэмээн нэрлэжээ.

Романы агуулга

“Бүх зүйлийн төгсгөл” романы үйл явдал өнөө цагаас хэдэн арван жилийн дараа буюу хэн ч нарийн тайлбарлаж чадахгүй тийм нэгэн том гамшиг тохиолдсоноос олон жилийн дараа өрнөнө. Кент мужийн далайн эрэг дээр Филипп Теннент болон түүний өтөлж буй авга эгч Марни нар гарал үүсэл, зорилго нь тодорхойгүй, хэлбэр дүрсээ хувиргагч асар том амьтдын аюул заналхийлэл дунд хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэж буйг өгүүлдэг байна. Энэхүү роман нь 198 хуудастай бөгөөд шагналын богино жагсаалтад (shortlist) үлдсэн хамгийн нимгэн ном байжээ.

Энэ жилийн богино жагсаалтад урьд нь уг шагналыг хүртэж байсан хоёр ч зохиолч багтсан байна. Үүнд, бүүкмэйкэрүүдийн хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байсан Марлон Жэймс "The Vanishings" романаараа, мөн Дуглас Стюарт "John of John" бүтээлээрээ дахин өрсөлджээ. Жагсаалтын төгсгөлийг Элизабет Страутын "Tell Me Everything", Люк Кеннардын "The Black Bag" болон Ребекка Перригийн анхны бие даасан бүтээл болох "Can We Feed the King?" номууд гүйцээсэн байна. Богино жагсаалтад шалгарсан зохиолч бүр 2,500 фунт стерлингийн шагнал авдаг аж.

Урьд жил нь буюу 2025 оны Бүүкерийн шагналын эзнээр Унгар гаралтай Британийн зохиолч Дэвид Салэй "The Flesh" романаараа тодорч байв. Уг зохиолд Иштван гэх эрийн амьдрал өгүүлэгдэх бөгөөд тэрээр Унгарт эгэл жирийн амьдарч байснаас эхлэн Лондоны тансаг харшуудын эзэн болох хүртэлх замыг туулдаг ч эцэст нь түүний тэрхүү чинээлэг, сайхан амьдрал хэрхэн нуран унаж байгаа тухай гардаг.

Бүүкерийн шагналыг жил бүр англи хэл дээр бичигдэж, Их Британи эсвэл Ирландад хэвлэгдсэн шилдэг зохиолд олгодог бөгөөд үүнд дэлхийн аль ч улсын зохиолч оролцох бүрэн боломжтой байдаг журамтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08