Dark Light
Спорт | 2026-09-11

ГУРВАН МОНГОЛ ЛЕГИОНЕР БАЛБЫН АНХНЫ ВОЛЕЙБОЛЫН ЛИГТ ОД БОЛОН ГЯЛАЛЗАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Annapurna Spiker Kings
Монголын волейболын үндэсний шигшээ багийн тамирчид болох Жаргалцогтын Энх-Эрдэнэ, Мөнхбаярын Уранбаяр, Ганхуягийн Төрмандах нар Балба улсын түүхэн дэх анхны мэргэжлийн волейболын лиг болох Nepal Volleyball Franchise League (NVL)-ийн Annapurna Spiker Kings багт легионероор нэгдэн, гайхалтай тоглолтоороо од болон гялалзаж байна. 
 
 
Энэхүү тэмцээн нь 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Катманду хотноо албан ёсоор эхэлсэн бөгөөд манай тамирчид багийнхаа гол цөм болон тоглож, олон улсын тавцанд Монгол волейболчдын ур чадварыг өндөр түвшинд таниуллаа.
 
 
Тамирчдын лигт үзүүлж буй онцлох амжилт болон үүрэг:
 
  • Мөнхбаярын Уранбаяр: Монголын Үндэсний дээд лигийн Үнэ цэнтэй тоглогч (MVP) тэрээр тус лигийн 5 дахь тоглолтод багтаа шийдвэрлэх ялалт авчирч, Player of the Match буюу тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсаныг Zogii.mn мэдээлж байсан. 
  • Жаргалцогтын Энх-Эрдэнэ: Шигшээ багийн хүчирхэг довтлогч (Opposite Hitter) тэрээр Annapurna Spiker Kings багийн довтолгооны гол зэвсэг болон тоглож, өндөр үсрэлттэй довтолгоонуудаараа лигийг тэргүүлж байна. Мөн л Player of the Match тоглогчоор шалгарав.
  • Ганхуягийн Төрмандах: Багийн холбогчийн (Setter) хариуцлагатай үүргийг гүйцэтгэж, Монгол довтлогчид болон багийн бусад тоглогчдын довтолгоог уран нарийн найруулан тоглож байна.
 
Тэмцээн Катманду хотын Dasarath Rangasala Stadium (Дашарат Рангасала) спортын цогцолборын битүү зааланд (National Sports Council Covered Hall) зохион байгуулагдаж байгаа билээ.
 
Манай гурван легионерын хувьд энэхүү ордон маш ээлтэй байгаа бөгөөд тэд яг энэ зааланд лигийн шатны тоглолтуудаа дараалан хожиж, хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь босгосоор Финалд хэдийн шалгарсан юм.
 
Өнөөдөр орой 18:00 цагаас яг энэ зааланд Kathmandu Reds болон Karnali Shivraj багууд плей-оффын тоглолтоо хийж, маргааш манай монгол тоглогчидтой аваргын цомын төлөө өрсөлдөх баг тодорхой болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19