АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар нэг жил гаруйн дараа Лхагва гарагт анх удаа биечлэн уулзаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх түүхэн уулзалтын өмнө гар барьцгаалаа.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадын өмнөд бүсийн Шэньжэнь хотод газардсан АНУ-ын Ерөнхийлөгчийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нисэх онгоцны буудал дээр өөрийн биеэр угтан авчээ. Онгоцны буудлын талбай дээр Д.Трамп, Ши Жиньпин нар тэврэлдэн гар барьсны дараа хүлээн авалтын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй мэндчилж, цөөн хором ярилцсан байна.
Пүрэв гарагт болох дээд хэмжээний уулзалтын хүрээнд Д.Трамп, В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, Украины дайны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Гэхдээ АПЕК-ийн чуулганы гол анхаарал Пүрэв гарагт болох АНУ-Хятад-Оросын гурван талт уулзалтад чиглэж байгаа бөгөөд энэ нь гурван гүрний удирдагчид анх удаа нүүр тулан уулзаж буй түүхэн үйл явдал юм.
Уулзалтын бүрэн хөтөлбөр олон нийтэд ил болоогүй ч Украин, Ираны дайн, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх асуудал, худалдааны маргаан болон хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн талаар хэлэлцэж болзошгүй байна.
ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ НЭГ ЦАГААС ХЭТРЭХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Лхагва гарагт В.Путин, Д.Трамп нар зөвхөн мэндчилсэн болохоос бус ажил хэргийн уулзалт хараахан хийгээгүй гэдгийг тодотгов. Мөн тэрээр Пүрэв гарагт болох В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын гурван талт уулзалт “нэг цагаас хэтрэхгүй” хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев болон Европын төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр дайныг дуусгах төлөвлөгөө хэлэлцэх вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Харин Бээжингийн зүгээс Украины асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа ч “дэлхийн энх тайвныг хамгаалж, стратегийн тогтвортой байдлыг дэмжих” шаардлагатайг онцолжээ.
ОНГОЦНЫ БУУДЛЫН ХҮНДЭТГЭЛ БА ОРОС-ХЯТАДЫН ХЭЛЭЛЦЭЭ
Лхагва гарагийн гар барилт нь 2025 оны наймдугаар сард В.Путин Аляскад очиж Украины дайны асуудлаар амжилтгүй хэлэлцээ хийснээс хойших Д.Трамп, В.Путин нарын анхны биечлэн уулзсан тохиолдол боллоо.
Харин Ши Жиньпин Д.Трампыг нисэх буудал дээр өөрийн биеэр угтан авсан нь өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын даргыг Вашингтонд айлчлахад АНУ-ын Ерөнхийлөгч мөн адил угтан авсантай ижил дипломат хүндэтгэл байв. Шэньжэньд “Air Force One” онгоцны өмнө улаан хивс дэвсэж, хүндэт харуул жагсан, цэргийн нисэх онгоцууд дээгүүр нисэж, цэцэг барин угтжээ. БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг Ши Жиньпинийг “хүндэтгэл, шударга ёс, эрх тэгш байдалд суурилсан бүтээлч, стратегийн тогтвортой харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна” хэмээн хэлснийг эш татсан байна.
Д.Трампыг ирэхээс хэдхэн цагийн өмнө В.Путин Шэньжэньд газардаж, Ши Жиньпинтэй хоёр цаг орчим уулзан эдийн засаг, батлан хамгаалахын харилцаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцжээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин хоёр орны харилцааг “салхи шуурганд ч ганхахгүй уул мэт бат бөх” хэмээн тодорхойлсон байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




