Эрчим хүчний зардал өсөж, дэлхийн зах зээл тогтворгүй байгаа энэ үед Монгол Улсын төсвийн санхүүжилтийг бэхжүүлэх, банкны тогтолцоог сайжруулах болон уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк (АХБ) 200 сая ам.долларын санхүүжилт баталлаа.
АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда “Уул уурхайн өсөлт тухайн улс орныг улам хүчирхэг болгох учиртай. Монгол Улс энэхүү өсөлтийн үеийг ашиглан санхүүгийн сууриа бэхжүүлж, уул уурхайгаас бусад салбарын бизнесүүдэд илүү их боломж бий болгож байна. АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй эдгээр санаачилга нь дараагийн эдийн засгийн уналтаас улс орны хөгжил цэцэглэлтийг хамгаалахад тусална” хэмээн онцолжээ.
Ойрх Дорнодын мөргөлдөөн болон Орос-Украины дайны улмаас эрчим хүч, тээврийн зардал өсөж буй энэ үед уг санхүүжилт нь төсвийн тэргүүлэх чиглэлийн зардлыг тогтвортой хадгалахад дэмжлэг болох юм. Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь, улсын төсвийн орлогын гуравны нэг орчмыг уул уурхайн салбар бүрдүүлдэг тул түүхий эдийн үнийн хэлбэлзэл болон дэлхийн худалдааны тасалдлын өмнө эдийн засаг эмзэг байдалд ордог байна.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх гол шинэчлэлүүд:
-
Татвар ба өрийн удирдлага: Татварын шинэчлэлээр удирдлагыг орчин үеийн болгож, бизнес эрхлэгчдэд учрах дарамт, зардлыг бууруулан ил тод байдлыг нэмэгдүүлнэ. Мөн Засгийн газрын зээллэгт тавих хяналтыг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор үндэсний валютын бондыг дахин сэргээнэ.
-
Банкны салбар ба эмэгтэй бизнес эрхлэгчид: Санхүүгийн тайлагналыг сайжруулж, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэн, чанаргүй зээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монголбанк болон арилжааны 11 банк эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү санхүүжилт нь 2023 онд эхлүүлсэн АХБ-ны “Төсөв, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хоёр дахь буюу эцсийн шат бөгөөд Монгол Улс энэ шатны бодлогын бүх 19 арга хэмжээг бүрэн биелүүлсэн байна. Нийт 200 сая ам.долларын багц нь 150 сая ам.долларын энгийн зээл болон Ойрх Дорнодын мөргөлдөөнд өртсөн эдийн засгуудад үзүүлэх тусламжийн хүрээнд олгож буй 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэж байгаа аж.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг




