Dark Light
Гадаад | 2026-11-04

БЭЭЖИН ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ 3,000 МЕТРИЙН ЗУРВАС БҮХИЙ ЦЭРГИЙН ШИНЭ БААЗ БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Provided by Deep Dive

Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн Параселийн арлуудын нэгэн жижиг шүрэн арал дээр том оврын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай, 3,000 метрийн зурвас бүхий хүнд ангиллын нисэх зурвас барьж байгааг хиймэл дагуулын зургууд харууллаа. Бээжин үүнээс өмнө Параселийн арлуудаас 760 орчим км зайд орших Спратлийн арлуудын хад, шүрэн бүлгүүдийг цэргийн түшиц газар болгон хувиргаж, ижил хэмжээний зурвасууд барьж, радарын төхөөрөмж суурилуулан, агаарын довтолгооноос хамгаалах пуужингуудыг байрлуулаад байгаа юм. 

Хиймэл дагуулын зургийг судалсан Deep Dive байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн захирал Бонжи Охара "Хэрэв Хятад улс Спратли болон Параселийн арлуудаас нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудыг зэрэг удирдан ажиллуулж чадвал Өмнөд Хятадын тэнгисийг тусгаарлагдсан цэгүүдээр бус, харин бүхэлд нь тасралтгүй үргэлжлэх бүс нутгийн хэмжээнд хяналтдаа авах боломжтой болно" гэж онцолжээ.

Хувийн тагнуулын байгууллагын дүн шинжилгээгээр Хятад улс 2025 оны хоёрдугаар хагасаас Параселийн арлуудын баруун өмнөд хэсэгт орших Антилоп (Antelope Reef) шүрэн арал дээр хуурай газар бий болгох нөхөн сэргээлтийн ажлыг идэвхтэй эхлүүлсэн байна. Үүнээс гадна том оврын ачааны болон танкер хөлөг онгоцуудыг зогсоох боломжтой 670 орчим метрийн урттай усан зогсоол байгуулж байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ. Бээжингийн засаг захиргаа Антилоп шүрэн арал дээр цэргийн шинэ бааз барьж байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд төрийн мэдлийн хэвлэлүүд нь тус бүсэд цаг уурын урьдчилсан мэдээ болон эрдэм шинжилгээний судалгаанд зориулсан дэд бүтцийг хөгжүүлж байна хэмээн мэдээлж байна.

Хятадад цэргийн атташегаар ажиллаж байсан Охарагийн хэлснээр 2026 оны хоёрдугаар сард авсан зургуудаас үзэхэд арлын дотоод усанд далайн ёроолоос хөрс ухан гаргаж, хиймэл газар нутаг үүсгэх зориулалттай олон тооны гүн өрөмдлөгийн хөлөг онгоцууд бөөгнөрсөн байжээ. Харин есдүгээр сарын зургуудад арлын хойд хэсэгт нисэх зурвас гэж үзэж болох бүтэц бий болсон нь батлагдсан байна. Уг зурвас дуусахад үндсэн урт нь 2,700 метр, хамгаалалтын зурвасыг оролцуулбал 3,000 метрт хүрэх бөгөөд энэ нь сөнөөгч онгоцнуудаас гадна тээврийн онгоц, агаарт цэнэглэгч танкер, бөмбөгдөгч болон алсын зайн тандалтын том оврын хөлгүүдийг хүлээн авах чадалтай аж. 

Хятадын арми Антилоп арлыг ойролцоох Вүүди арал (Woody Island) дээрх баазтайгаа хослуулан, агаарын хөлгүүдийг харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор ашиглахаар төлөвлөж байна. Хятад улс болон Зүүн Өмнөд Азийн орнууд Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далайн нөөцийг эзэмших эрх ашгийн үүднээс олон жилийн турш маргалдсан хэвээр байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08