Dark Light
Гадаад | 2026-11-04

ХЯТАДЫН "УРУУЛЫН БУДГИЙН ХААН" ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТОКЕНИЙГ АНХ УДАА ХУДАЛДААЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Хятадын "Ганц биечүүдийн өдөр"-ийн худалдааны томоохон баяр энэ жил хямдралтай гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэсэн уламжлалт ойлголтоосоо хальж, хиймэл оюун ухааны (AI) хэрэгслүүдийг ашиглахад зориулагдсан тооцоолон бодох эрх буюу кредитүүдийг шинээр худалдаалж эхэллээ.

Дэлхийн хамгийн том худалдааны наадам болох "Ганц биечүүдийн өдөр"-өөр хиймэл оюун ухааны токен багцуудыг хэрэглэгчдэд зориулсан бие даасан гол бүтээгдэхүүний ангилал болгон анх удаа санал болгож буй нь энэ юм.

Тус улсын топ лайвчин Остин Ли Даваа гарагт Taobao Live-аар шууд дамжуулалт хийх үеэрээ Alibaba-гийн QwenWork оффисын хиймэл оюун ухааны үйлчилгээний 100,000 гаруй сарын гишүүнчлэлийг хагас цагийн дотор борлуулсан талаар тус компаниас мэдээллээ.

Энэ нь ойролцоогоор 2 их наяд хиймэл оюун ухааны токен буюу хиймэл оюун ухааны загварт боловсруулагддаг бичвэрийн нэгжтэй тэнцэж байна.

Технологийн судалгааны Omdia фирмийн ахлах шинжээч Лиан Жи Су хэлэхдээ "Хятадын хэрэглэгчид одоо хиймэл оюун ухааны бүтээмжийн хэрэгслүүдийг ашиглаж маш их сурсан" хэмээн онцолжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ, байнгын хэрэглэгчдийн хувьд кредит нь дуусах тохиолдол их гардаг тул хямдралын үеэр багцаар нь их хэмжээгээр худалдан авах нь "маш оновчтой алхам" гэв.

Гэхдээ эдгээр токен багцууд нь ердийн үнээсээ яг хэдэн хувиар хямдарсан нь одоогоор тодорхойгүй байна.

Энэхүү шууд дамжуулалт нь урьд нь цахим орчинд маш их хэмжээний уруулын будаг борлуулж, олон сая дагагчтай болсноор "Уруулын будагны хаан" хэмээх хочийг зүүсэн Ли-гийн хувьд хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн худалдаалсан анхны тохиолдол байлаа.

Лайвын үеэр QwenWork-ийн токен багцууд, хиймэл оюун ухаан бүхий зөөврийн компьютерууд болон ажлын байрны ухаалаг төхөөрөмжүүдийг танилцуулсан бөгөөд Alibaba Group-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд QwenWork-ийн гүйцэтгэх захирал Чэн Юсэн мөн оролцсон байна.

Ли захирал Чэнээс "Хиймэл оюун ухааныг ашиглан өөрийн цахим аватарыг (дүр) бүтээж, фенүүдтэйгээ 24 цагийн турш чатлуулах боломжтой юу?" гэж асуужээ.

Үүнд Чэн хариулахдаа "Хиймэл оюун ухаан Ли-г орлож чадахгүй ч, хэрэглэгчдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, улмаар тэднийг гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжийг олгоно гэж найдаж байна" гэв.

Энэхүү худалдааны баярт зориулан Alibaba-гийн Tmall платформ "AI Token Center"-ийг шинээр ажиллуулж, Alibaba Cloud, MiniMax, Moonshot AI болон Z.AI зэрэг компаниудын хэрэглэгчийн токен багцуудыг санал болгож байгааг тус цахим худалдааны гигант мэдээллээ.

Мөн тэдний өрсөлдөгч JD.com платформ ч мөн адил DeepSeek, Z.AI болон ByteDance-ийн Volcano Engine зэрэг компаниудын үйлчилгээг нэгтгэсэн хиймэл оюун ухааны токен хэсгийг нээсэн байна.

Alibaba-гийн мэдээлснээр, 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20-ны хооронд хиймэл оюун ухааны токен багцын борлуулалт өмнөх сараасаа 450 хувиар өсжээ. Харин 11 дүгээр сарын 11-ний албан ёсны худалдан авалтын эхний цагт хиймэл оюун ухаан бүхий хувийн зөөврийн компьютеруудын (AI PC) борлуулалт өмнөх оны мөн үеэс 300 гаруй хувиар өссөн байна.

Шинжээч Су-гийн үзэж байгаагаар, эдгээр токенуудын хүчинтэй хугацаа харьцангуй урт байгаа нь хэрэглэгчдийг нөөцөлж авахад түлхэц болж магадгүй ч, хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнүүд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа тул ирээдүйд шинэчлэгдэж эсвэл зах зээлээс шахагдах эрсдэлтэй үйлчилгээнд хэрэглэгчид урьдчилж мөнгө төлөхөөс болгоомжилж магадгүйг анхаарууллаа.

Хэрэглэгчдийн худалдан авалтыг идэвхжүүлэх зорилгоор 2009 оноос хойш зохион байгуулагдаж буй "Ганц биечүүдийн өдөр" нь өнгөрсөн жил бүх платформуудыг нийлүүлээд нийт 1.70 их наяд юань (255 тэрбум ам.доллар)-ын орлого олсон гэж хөндлөнгийн мэдээллийн Syntun компаниас мэдээлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08