Компаниудын захирал, өмгөөлөгчдийг хиймэл оюунаар дуурайн 129 сая доллар залилсан гурван этгээдийг яллаж байна
АНУ-ын Нью-Йорк хотын Прокурорын газраас компаниудын гүйцэтгэх захирал болон хуульчдын хоолой, дүр төрхийг хиймэл оюун ухаан (AI) ашиглан дуурайн, олон улсын байгууллагуудаас нийт 129 сая ам.доллар залилсан хэрэгт гурван этгээдийг албан ёсоор буруутган яллаж байгаагаа пүрэв гарагт (2026.11.05) мэдэгдлээ. Тэдэнд цахим залилан, бусдын нэр төрийг санаатайгаар ашигласан болон мөнгө угаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Нью-Йорк хотын Тойргийн шүүхэд гаргасан яллах дүгнэлтэд дурдсанаар, өдгөө 41 настай Жейкоб Соал (Jacob Soall), 54 настай Шарон Хазан (Sharon Hazan) болон 42 настай Гай Шитрит (Guy Sheetrit) нар нь нэг жил хагасын хугацаанд дэлхий даяарх мянга мянган компанийг бай болгон хиймэл оюуны нарийн схемээрээ залилжээ. Испани, Их Британи, Израиль, Арабын Нэгдсэн Эмират улсаас гаралтай, цахим орчинд "Rocky Balboa", "Superman Cash", "Fat Boy" гэх хоч ашигладаг байсан эдгээр гурван этгээдийг өнгөрсөн зургаагаас есдүгээр сарын хооронд баривчилсан байна.
Эдгээр гэмт этгээдүүд АНУ-ын Миссури, Калифорни мужийн эмнэлгийн нэгдсэн системүүд, Род-Айленд мужийн банк, Их Британийн санхүүгийн технологийн компани, Массачусетсийн хамтын сан, Флорида мужийн тэжээвэр амьтны хоолны үйлдвэр зэрэг дэлхий даяарх мянга мянган компанийг онилсон байна.
Залилан хийхдээ тэд дараах нарийн аргыг ашигладаг байжээ:
Эхлээд тухайн компанийн санхүүгийн хэлтэс рүү Гүйцэтгэх захирлынх нь нэрээс "нууц гүйлгээнд тусламж хэрэгтэй байна" гэсэн хуурамч и-мэйл илгээнэ. Үүний дараа утсаар эсвэл видео дуудлага хийхдээ хиймэл оюун ухаан ашиглан захирлынх нь хоолой болон дүр төрхийг яг таг дуурайж ажилтантай холбогддог байв. Ингээд ажилтанд "манай нэр хүндтэй хуулийн фирмийн өмгөөлөгчтэй холбогдож заавар ав" гэж хэлэх бөгөөд тэд тэрхүү Их Британийн хуульчийг ч мөн давхар дуурайн бэлдсэн байжээ. Хуурамч өмгөөлөгч нь компанийн ажилтанд дэлхийн өнцөг булан бүрд байрлах нууц данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэхийг тушааж, шилжүүлж авсан мөнгөө гарал үүслийг нь нуухын тулд шууд криптовалют руу хөрвүүлэн тарааж авдаг байсан байна.
ХМТ-ны (FBI) хэлтсийн орлогч Жеймс К. Барнакл энэ хэрэг нь шинээр гарч ирж буй дэвшилтэт технологиудыг гэмт хэрэгтнүүд хэрхэн зэвсэг болгон ашиглаж, асар их хохирол учруулж болохыг харуулсан ноцтой жишээ гээд, ХМТ-ны зүгээс бизнес эрхлэгчдийг хамгаалахын тулд ийм төрлийн хэргийг илрүүлэх чадвараа хурдтай сайжруулж байгаа гэлээ.
Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдвол тэд бусдын нэр төрийг санаатайгаар ашигласан хэрэгт тус бүр 2 жил, харин бусад цахим залилан, мөнгө угаах хэрэг тус бүрд нь хамгийн ихдээ 20 хүртэлх жилийн хорих ял авах эрсдэлтэй байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




