Dark Light
Нийгэм | 2026-11-06

ҮРГЭЛЖИЛСЭН ДОВТОЛГООНЫ АЛЬ Ч ҮЕД ХАМГААЛАЛТ ХИЙХ ЭРХТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Прокуророос Э-г “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгаанаар Б-тэй маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл эс зөвшөөрч “Э нь хууль бус халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн” гэж маргав.
Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Э-г цагаатгаж, дараах дүгнэлтийг хийв.
Хүний халдашгүй байдалд хууль бусаар халдан довтлох, хүч хэрэглэхийг хэнд ч үл зөвшөөрөх бөгөөд үргэлжилсэн довтолгооны аль ч үед хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж, хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгодог.
Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоо эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулж, халдлагад өртөгч этгээд хохирох, илүү их хор хохирол учруулах боломжийг ихэсгэдэг тул объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Э нь Хэнтий аймагт оршин суух Б-ийн гэрт очсон өдрөөс хойш Б нь гэмт хэрэг үйлдэгдэх хүртэлх цаг хугацаанд Э-г зодсон ба хэрэг болох үед Э Улаанбаатар хот руу явах унаа олох зорилгоор бусадтай гар утсаар ярьж байх үед Б нь Э-ийн гар утсыг булаан авч зууханд хийн шатааж, түүнд хүч хэрэглэн зодсон, улмаар Э ширээн дээр байсан хутгыг авч “ойртвол ална шүү” гээд гараа савахад Б ойртон ирэх үед хутгалсан үйлдэл баримт тогтоогдсон байна.
Амь хохирогчид зодуулсны дараа хутга авч гараа савах байдлаар “ойртвол хутгална шүү” хэмээн Э-ийн зүгээс анхааруулсаар байхад ойртон ирсэн явдал нь хохирогчийн зүгээс цаашид халдлага үргэлжилж, өөрийн амь нас, эрүүл мэндэд илүү хурцадмал халдлага, аюул занал дахин эхлүүлэхийг хүлээлгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлэн, өрсөж хамгаалалт хийсэн Э-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн нийгэмд ашигтай үйлдэл хэмээн дүгнэж, түүнийг цагаатгах үндэслэл хууль зүйн хувьд бүрдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Э-ийн хувьд өөрийн буруутай буюу хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагааны улмаас бусдыг өдөөн турхирч Б-ийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулсан, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгож чадахгүй нөхцөл байдалд санаатайгаар хүргэсэн, халдлага хийх суурь нөхцөл шалтгааныг бий болгосон, улмаар довтолгооны эсрэг хариу үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл, үйл баримт прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
 
Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан /илтгэгч/

Эх сурвалж | Монгол Улсын Дээд шүүх
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08