Dark Light
Гадаад | 2026-11-06

30 ГАРУЙ ОНГОЦОНД БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ХУУРАМЧ ДУУДЛАГА ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Европын агаарын тээврийн компаниудын зорчигч тээврийн хөлгүүдийг чиглэсэн цуврал хуурамч бөмбөгийн заналхийлэл гарч, олон арван нислэгийн хуваарийг алдагдуулан саатуулсан байна. Одоогоор аль нэгэн улсын засгийн газар болон албан ёсны байгууллага үүний хариуцлагыг хэн хүлээхийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч аюулгүй байдлын шинжээчид үүнийг ердийн нэгэн халдлага бус, илүү нарийн зохион байгуулалттай "гибрид ажиллагаа" (hybrid operation) байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Нисэх буудлууд руу "60 минутын дотор онгоц дэлбэрэх болно" гэсэн анхааруулга бүхий цахим захидлуудыг Ромын Фьюмичино болон Миланы Мальпенса нисэх онгоцны буудлууд руу илгээсэн байна. Илгээгч нь ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон хэт барууны үзэлтэй "Мужской союз" (Male State) бүлгийг төлөөлж байгаагаа мэдэгдсэн ч тус байгууллагыг үндэслэгч Владислав Поздняков үүнийг үгүйсгэж, байгууллага нь хэдийн тарсан тул ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгджээ.

Европын хэд хэдэн улсад нислэгүүд дараах байдлаар саатсан байна:

  • Франц улсад: Дублиноос Ром руу нисэж байсан "Aer Lingus" компанийн зорчигч тээврийн онгоцны нисгэгч агаарын хөдөлгөөнийг удирдах газрын зааврыг дагаагүйн улмаас Францын сөнөөгч онгоцууд агаарт замаас нь тосон саатуулж, Эврё агаарын баазад албадан буулгажээ. Францын Ерөнхий сайдын ажлын албанаас нисгэгч яагаад эрх баригчидтай хамтарч ажиллаагүй шалтгааныг тайлбарлаагүй байна.

  • Болгар улсад: Тус улсын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд зорчигч тээврийн гурван ч хөлгийг газардах хүртэл нь агаарт дагалдан хамгаалсан байна. Лондонгоос Софи руу нисэж байсан "Ryanair" компанийн нислэгийн чиглэлийг Пловдив хот руу өөрчлөн буулгажээ.

  • Испани улсад: Мадрид хотын эрх баригчид 20 минутын дотор 6 нислэгийг занаж сүрдүүлсэн бөмбөгний тухай 3 цахим захидал хүлээн авсан байна.

  • Польш улсад: Варшав хотод Парис руу хөөрөх бэлтгэлээ хангаж, зурвас руу хөдөлж байсан онгоцыг яаралтай зогсоож, зорчигчдыг өөр онгоц руу шилжүүлжээ. Мөн Румыны Бухарестаар дамжин нисэж байсан Голландын "KLM" компанийн нислэгт бөмбөгийн заналхийлэл ирсэн байна.

Агаарын тээврийн кибер аюулгүй байдлын "Cyviation" компанийн гүйцэтгэх захирал Элиран Алмог агаарын тээвэрт ирсэн энэхүү заналхийлэл нь яг ижил цаг хугацаанд Европын супермаркетуудын хөргөлтийн систем болон Францын цусны банкууд руу чиглэсэн кибер халдлагатай давхцсаныг онцоллоо. Шинжээчид үүнийг зөвхөн нислэгийг саатуулах зорилготой биш, харин стратегийн чухал дэд бүтцүүд аюулгүй байдлын заналхийлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг туршиж, нийгэмд үймээн самуун дэгдээх гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн анхааруулж байна.

Герман, Дани, Румын, Польш зэрэг улсууд үүнд ОХУ-ыг холбоотой гэж буруутгаж байгаа бол Их Британи АНУ-ын цэргийн баазыг онилсон сүүлийн үеийн сэжигтэй хуйвалдаанд Иран улс оролцсон байж магадгүй гэж үзэж байгаа ч Орос, Ираны талууд эдгээр буруутгалыг эрс үгүйсгээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08