АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Украины өмнөд хэсэгт орон нутгийн чанартай түр гал зогсоох хэлэлцээрийг амжилттай зуучласныхоо дараа Орос, Украины талуудад хандан урт хугацааны энх тайвны төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахыг пүрэв гарагт уриаллаа.
Цагаан ордонд болсон уг арга хэмжээнд Орос болон Украины төлөөлөгчид нэг дор цугларсан бөгөөд тэргүүн хатагтай Украины Херсон мужийн Олешки хотод хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн түр гал зогсоох хэлэлцээрийн үр дүнг онцлон тэмдэглэв.
Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр өнгөрсөн аравдугаар сарын 27-нд эхэлсэн тус гал зогсоох дэглэм 6 хоногийн турш үргэлжилсэн байна. Мелания Трамп хэлэхдээ "Аливаа том өөрчлөлт жижиг очноос эхэлдэг. Иймээс итгэл найдварыг бадрааж, хамтын ажиллагааг дэмжин, урт хугацааны энх тайвныг чиглэсэн замыг гэрэлтүүлэх хэрэгтэй" гээд, тэд дайнаас илүү хүнлэг чанарыг сонгосон учраас энэхүү орон нутгийн түр зогсолт нь цаашдын том энх тайвны суурь болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Тэргүүн хатагтай Олешки хотын хүмүүнлэгийн хямралын талаар есдүгээр сард мэдээлэл авсныхаа дараа өөрийн төлөөлөгч Марк Бекманаар дамжуулан Орос, Украины албаны хүмүүстэй ажиллаж эхэлсэн байна. Улмаар хоёр улсын талууд Мелания Трампыг энэхүү хэрэгт онцгой эрхтэй цорын ганц зуучлагч хэмээн хүлээн зөвшөөрсөн бичгээр үйлдсэн гэрээнд гарын үсэг зурснаар аравдугаар сарын 23-нд гал зогсоох эцсийн тохиролцоонд хүрч чаджээ.
Уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тусгай элч Кирилл Дмитриев уг гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Путин биечлэн зааварчилгаа өгсөн гэдгийг мэдэгдсэн бол Украины парламентын ахлах гишүүн Давид Арахамия энэхүү санаачилгыг өндөр үнэлж, хүмүүнлэгийн зүтгэлийг цаашид ч үргэлжлүүлэхийг уриалсан байна.
Тэргүүн хатагтай "Ерөнхийлөгч Путин болон Ерөнхийлөгч Зеленский нарын дэмжлэггүйгээр Олешки хотод гал зогсоох боломжгүй байсан" гэдгийг дурдаад, хоёр улсын удирдагчдад хаягласан өөрийн хувийн захидлыг уулзалтад ирсэн төлөөлөгчдөөр дамжуулан хүргүүлжээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад




