АНУ-ын Холбооны тойргийн шүүгч Таня Чуткан Ерөнхийлөгч Дональд Трампын Вашингтон хотноо барихаар төлөвлөсөн аварга том "Ялалтын хаалга" (Triumphal Arch)-ны барилгын ажлыг пүрэв гарагт (2026.11.05) түр зогсоох шийдвэр гаргалаа. Шүүхээс уг төслийн хууль эрх зүйн үндэслэлийг хянан хэлэлцэх хоёр долоо хоногийн хугацаанд ямар нэгэн барилгын ажил эхлүүлэхийг хатуу хориглосон байна.
Энэхүү шийдвэр нь Нийслэлийн төлөвлөлтийн үндэсний комисс (NCPC) олон цагийн турш үргэлжилсэн ширүүн маргаан, эсэргүүцлийг үл харгалзан, уг төслийг 8-4 харьцаатайгаар дэмжин баталснаас хэдхэн цагийн дараа гарчээ. Трампын талынхан олонхыг бүрдүүлдэг тус комисс барилгын ажлыг шууд эхлүүлэхээр зорьж байсан ч шүүхийн шийдвэр тэдний төлөвлөгөөг ийнхүү саатуулав.
Арлингтоны оршуулгын газар болон Парисын хаалганаас ч өндөр байгууламж
Уг төслийг эсэргүүцэгчдийн гол шүүмжлэл нь 250 фут буюу 76 метрийн өндөртэй тус аварга том байгууламжийг барихаар сонгосон байршилтай холбоотой юм. Засгийн газраас энэхүү хаалгыг Америкийн зуун зуун мянган дайчдын эцсийн амралтын газар болох түүхэн Арлингтоны үндэсний оршуулгын газрын хажуугийн зүлэг дээр барихаар төлөвлөжээ.
Энэхүү аварга хаалга нь түүний санааг нь авсан Францын Парис дахь алдарт "Ялалтын хаалга"-наас ч өндөр байхаас гадна Потомак голын чанх эсрэг талд орших Линкольны дурсгалын цогцолборын сүрийг дарахаар өндөр байх аж. Төслийг эсэргүүцэж буй дайны ахмад дайчид болон Вашингтон, Виржиниа мужуудын Ерөнхий прокурорууд хамтран барилгын ажлыг хаалгах тэмцэл өрнүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан нь ийнхүү амжилтад хүрчээ.
Хууль бус санхүүжилт болон гүйцэтгэгчдэд өгсөн сануулга
Комиссын хурлын үеэр төслийг эсэргүүцсэн 100 гаруй иргэн, байгууллагын төлөөлөгчид үг хэлсэн бөгөөд тэдний дунд Төлөөлөгчдийн танхимын Байгалийн нөөцийн хорооны Ардчилсан намын ахлах гишүүн, Конгрессын гишүүн Жаред Хаффман байв. Тэрээр "Энэхүү хаалга нь Америкийн үнэт зүйлс, хууль дүрмийг доромжилж байна" гээд, уг хууль бус төсөл дээр ажиллах барилгын компани, гүйцэтгэгч нарт хандан хууль эрх зүйн маш том эрсдэлд орж болзошгүйг хатуу сануулжээ. Хаффман үгэндээ, өнгөрсөн мягмар гарагийн дунд хугацааны сонгуулиар Ардчилсан нам Конгресст олонх болсныг сануулаад, ирэх нэгдүгээр сараас хуулийн засаглалыг маш чангаар мөрдөх шинэ Конгресс ажлаа эхлэхийг анхааруулсан байна.
Түүнчлэн комиссын эсрэг санал өгсөн дөрвөн гишүүн уг төслийг санхүүжүүлэх Конгрессын төсвийн хуваарилалт байхгүй, мөн Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн зүгээс энэхүү хаалгыг цэргийн зориулалтаар ашиглана гэж тайлбарлаж буй нь ямар ч үндэслэлгүй хэмээн шүүмжилж, саналын хураалтыг хойшлуулахыг шаардаж байжээ. Засгийн газрын зүгээс уг газарт хөшөө барих зөвшөөрлийг Конгресс зуу гаруй жилийн өмнө өгсөн гэж өөрсдийгөө өмгөөлж байгаа ч тухайн үеийн түүхэн төлөвлөгөө нь Иргэний дайны Умард ба Өмнөд мужуудын эвлэрлийг бэлгэдсэн хоёр том багана босгох тухай байснаас биш Трампын зүглэж буй "Ялалтын хаалга" биш байсныг судлаачид хэлж байна. Энэхүү төсөл нь Трампын Вашингтон хотод өөрийн нэр нөлөөг үлдээх гэсэн Цагаан ордны бүжгийн танхим, Үндэсний талбайн усан санг шинэчлэх зэрэг маргаантай олон төслүүдийнх нь зөвхөн нэг нь юм.
ТАТАР МАЙДАР






Гадаад




