АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида мужид сансар судлал болон нисэхийн салбарын хамгийн том хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрээр энэхүү арга хэмжээг дэлхийн хамгийн том нисэхийн шоу болгож, Америкийн үйлдвэрлэгчид өөрсдийн технологио сурталчлах, олон улсын түншлэлээ бэхжүүлэх гол платформ болгохоо амласан байна.
"CapeWeek" үзэсгэлэн хоёр жилийн дараа эхэлнэ
"CapeWeek" хэмээн нэрлэсэн тус нүсэр үзэсгэлэнг Кеннедийн нэрэмжит Сансрын төвд (Kennedy Space Center) зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр жилийн дараа анхны нээлтээ хийх аж. Трамп энэхүү санаачилгаа Баасан гарагт (2026.11.06) "MAX POWER" сансрын технологийн экспогийн үеэр үг хэлэхдээ зарлажээ.
Үзэсгэлэнгийн гол онцлох чиглэлүүд:
-
Нүсэр талбай: Нийт 1,900 акр талбайг хамарсан үзэсгэлэнгийн бүсэд арилжааны болон хувийн нисэх онгоц, сансрын технологийн компаниудыг нэг дээвэр дор нэгтгэнэ.
-
Дэлхийн рекордыг эвдэнэ: Трамп уг шоуг Францын "Paris Air Show", Их Британийн "Farnborough Airshow", Арабын Нэгдсэн Эмират Улсын "Dubai Airshow" зэрэг дэлхийн хамгийн том нисэхийн цугларалтыг "бут цохих" сүрлэг арга хэмжээ болно гэв.
-
Эдийн засгийн үр өгөөж: Жил бүр олон зуун мянган зочин хүлээн авч, тэрбум тэрбум долларын бизнесийн гэрээнүүд байгуулагдана гэж Цагаан ордон тооцоолжээ.
Сар, Ангараг гараг руу чиглэсэн амбицаа баталгаажуулав
Ерөнхийлөгч Трамп илтгэлийнхээ үеэр өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Америкийн сансрын нисгэгчдийг Сар дээр дахин буулгах, улмаар тэнд байнгын бааз байгуулах зорилтоо дахин санууллаа. NASA-гийн төлөвлөгөөгөөр 2027 онд "Artemis III" миссийн хүрээнд дэлхийн тойрог замд техникийн туршилтуудыг баталгаажуулж, улмаар 2028 онд "Artemis IV" хөлгөөр Сар дээр буухаар төлөвлөж байна.
Мөн тэрээр 2028 оны сүүлчээр Ангараг гариг руу цөмийн хөдөлгүүртэй сансрын хөлөг ("Space Reactor-1 Freedom" төсөл) илгээж, гаригийн гадаргууг зураглах робот миссийг эхлүүлэхээ дахин амлав.
Дуунаас хурдан зорчигч тээврийн нислэгийг сэргээнэ
Трамп арилжааны нисэхийн салбарыг хөндөхдөө хуучин ашиглагдаж байсан "Concorde" хөлгөөр зорчиж байсан дурсамжаа хуваалцаж, дуунаас хурдан зорчигч тээвэр зогссонд харамсаж явдгаа хэлэв. "Энэ бол хүн төрөлхтөн ухралт хийсэн цорын ганц салбар байж магадгүй. Гэхдээ одоо үүнийг зогсоож, бид маш том урагшлах алхам хийнэ" хэмээн тэрээр тэмдэглэжээ. Тэрээр дууны тэсрэлтийн чимээ шуугиан гаргадаггүй дуунаас хурдан шинэ үеийн онгоцны судалгаа, түүнчлэн нисгэгчгүй дрон, цахилгаан хөдөлгүүртэй босоо хөөрөлтийн (eVTOL) технологиудыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад





