Буриад улсын Хиагт дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр Монгол Улсын иргэн замын ачаа тээшээ шалгуулах явцад дахин нэгэн зөрчил илэрсэн байна. Энэхүү зөрчил 11 дүгээр сарын 1-ний өдөр хилээр нэвтрэх тээврийн хэрэгслүүдийг шалгах үеэр гарчээ.
ОХУ-ын Эрхүү муж болон Буриад улсын Россельхознадзор (Хөдөө аж ахуйн хяналтын газар)-ын ажилтнууд манай улсын нэгэн иргэний ачаанаас ямар ч ургамал ариун цэврийн гэрчилгээгүй (фитосанитарный сертификат) нийт 109 килограмм сармис олж илрүүлсэн байна. Тухайн иргэн уг их хэмжээний сармисыг хилээр авч гарахаар оролдсон нь энэ юм.
Монгол Улсын иргэн ийнхүү бичиг баримтгүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь ОХУ-ын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Холбооны "Ургамлын хорио цээрийн тухай" 206 дугаар хуулийг зөрчсөн үйлдэл болсон бөгөөд хорио цээртэй аюултай организмууд тархах эрсдэлийг бий болгосон гэж үзсэн байна.
Улмаар хилчид Монгол иргэнд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлээр протокол үйлдэж, хариуцлага тооцсон бөгөөд 109 кг сармисыг шаардлагатай гэрчилгээг нь бүрдүүлэх хүртэл ОХУ-ын нутаг дэвсгэр рүү буцаажээ.
Дашрамд дурдахад, үүний өмнөхөн тус боомтоор хил нэвтрэхийг завдсан манай улсын өөр нэгэн иргэний ачаанаас 4.6 килограмм "сэжигтэй" ааруул илрүүлэн хурааж байсан тухай Буриадын хэвлэлүүд онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Нийгэм





