Фото зургийг | zogii.mn collage
АНУ-ын 2026 оны завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд үнэмлэхүй олонх болж, Бүгд найрамдах нам сүүлийн хэдэн арван жилд амсаагүй хүнд цохилтыг авлаа. Энэхүү түүхэн ялагдлын дараа Ерөнхийлөгч Дональд Трампын байгуулсан MAGA (“Make America Great Again”) хөдөлгөөний идэвхтнүүд, сошиал нөлөөлөгчид болон намын стратегичид засаглалынхаа бодлогод эргэлзэж, "Трамп биднийг хөлдөө чирлээ, MAGA хөдөлгөөн төгсгөл болсон уу" гэх асуултыг тавин дотроо ширүүн маргаан өрнүүлж эхэлсэн аж.
Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам Сенатад 56 хүртэлх суудал авч, Трампын томилгоог хаах хэмжээний хүчтэй болсноос гадна уламжлалт "улаан" буюу Бүгд найрамдах намын тал гэгддэг Техас мужид хүртэл бүх шатны сонгуульд ялалт байгуулсан байна. Сонгуулийн дараа хийсэн дата шинжилгээгээр Трампыг тууштай дэмжигчдийн 20 гаруй хувь нь хөдөлгөөний удирдлагад эргэлзэж эхэлсэн бөгөөд тэдний тал хувь нь MAGA-г дэмжсэн хэвээр ч Трампыг удирдагчаа гэж үзэхээ больсноо илэрхийлжээ. Дэмжигчид энэ удаагийн ялагдлыг "сонгуулийн луйвар" гэж буруутгалгүй, харин Трампын засаг захиргаа амьжиргааны өртгийг бууруулах амлалтаа биелүүлээгүй, Ираны дайныг эхлүүлж шатахууны үнийг хэт өсгөсөн, мөн Жэффри Эпштейны хэргийн нууц материалуудыг олон нийтэд ил болгоогүй зэрэг олон тооны "хэрэгжээгүй амлалтууд"-аас болсон гэж үзэж байна.
Түүнчлэн Трампыг тууштай дэмжигч консерватив нөлөөлөгч Изабелла Делука "Бүгд найрамдахчууд залхуу байж, хүмүүс бидэнд юу ч болсон саналаа өгнө гэж бодсон. Техас шиг мужид ч хэн ч халдашгүй биш гэдгийг энэ сонгууль харууллаа. MAGA хөдөлгөөн хуучирч, идэвх нь суларсан байна" хэмээн шүүмжилэв.
Энэхүү ялагдлын хариуд Дональд Трамп бодлогоо зөөлрүүлэхийн оронд Цагаан ордны Тамгын газрын даргаар цагаачлалын эсрэг хатуу шугам баримталдаг Стивен Миллерийг томилсон нь намын зарим гишүүдийн дунд "том алдаа" гэсэн шүүмжлэлийг дагуулж байна. Трампын дотнын зөвлөх асан Стив Бэннон "Бид үндсэрхэг, популист бодлогоо улам чангалах ёстой" гэж Трампын шийдвэрийг өмгөөлж байгаа бол мөн Трампыг тууштай дэмжигч, Христийн намын хэт барууны жигүүрийн пастор Жоэл Вэббон "Трамп Израилийг дэмжиж, Иранд дайн дэгдээснээрээ өөрийнх нь төлөө үхэн хатан зүтгэдэг үнэнч дэмжигчдийнхээ итгэлийг алдсан. MAGA хөдөлгөөн үүрд мөхсөн" хэмээн эрс мэдэгджээ.
Цагаан ордны зүгээс сонгуулийн ялагдлын шалтгааныг тодорхой тайлбарлаагүй ч Трампын "Хэрэв би өөрөө нэр дэвшсэн бол бид ялах байсан. Ираны дайнаас болж шатахууны үнэ өссөн нь үнэн ч би энэ дайныг дахиад ч эхлүүлэх болно" гэсэн үгийг иш татан өөрсдийгөө хамгаалж байна. Одоо тус хөдөлгөөний хувь заяа Трампаас хараат бусаар цааш үргэлжлэх үү, эсвэл 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бүрэн задрах уу гэдэг эгзэгтэй зааг дээр ирээд байгаа бололтой.
ТАТАР МАЙДАР







Гадаад




