Их Британийн цагдаагийн газраас мэдээлснээр, АНУ-ын Хуурай замын цэргийн ахлах алба хаагч ОХУ-ын талд тагнуул хийсэн гэмт хэрэгт сэжиглэгдэн Мягмар гарагт Англи улсад баривчлагджээ.
Лондон хотын Цагдаагийн газрын (Метрополитан цагдаа) мэдээлснээр, хэн болохыг нь нууцалж буй 41 настай эрэгтэйг Терроризмтой тэмцэх цагдаагийн албанаас удирдан явуулж буй үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн сэжигтэй үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд саатуулсан байна.
Албаны хүмүүсийн хэлснээр, уг баривчилгааг АНУ-ын зэвсэгт хүчин болон Холбооны мөрдөх товчоо (FBI)-той хамтран зохион байгуулжээ.
"Энэхүү чухал баривчилгаа нь АНУ болон манай холбоотнуудын хувьд туйлын ноцтой асуудал болох тагнуулын хэрэгт буруутгагдаж буй асуудалтай холбоотой" гэж Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател мэдэгдэлдээ дурджээ.
Цэргийн алба хаагчийг Глостер хотын ойролцоо баривчилсан бөгөөд цагдаа нар Их Британи-АНУ-ын хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Глостершир мужийн хоёр өөр байршилд нэгжлэг хийж байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр, уг эрийг "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль 2023"-ийн дагуу саатуулсан бөгөөд одоогоор Лондон хотын цагдаагийн хэсэгт хоригдож байгаа ажээ.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үүнийг Лондон дахь Терроризмтой тэмцэх цагдаагийн албаны баг ахлан явуулж байна.
Терроризмтой тэмцэх цагдаагийн албаны үндэсний ахлах зохицуулагч, туслах комиссарын орлогч Вики Иванс энэ хэргийг маш "ноцтой" асуудал гэв.
"Бид үндэсний аюулгүй байдлыг маань сулруулж болзошгүй аливаа гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийн эсрэг тууштай арга хэмжээ авахын тулд хамтран ажиллах болно" гэж Иванс мэдэгдэв.
"Нууц мэдээлэл итгэмжлэгдсэн цэргийн алба хаагчийн гаргасан гэх энэхүү үйлдэл нь дотоодоос ирэх заналхийлэл (эсвэл урван тэрслэх аюул) бодитой бөгөөд байнга оршсоор байдгийг хатуу сануулж байна" гэж АНУ-ын Армийн Сөрөг тагнуулын командлалын ерөнхий командлагч, бригадын генерал Шон Стинчон мэдэгдэлдээ нэмж дурджээ.
ХМТ-ны дарга Пател хэлэхдээ, энэхүү баривчилгаа нь АНУ эсвэл түүний түншүүдийн өмнө өгсөн тангаргаа зөрчиж, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэнийг ч Холбооны мөрдөх товчоо хүлцэн тэвчихгүй гэдгийг харуулсан сануулга болж байна гэлээ.
"Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч би маш тодорхой анхааруулга өгмөөр байна. ХМТ нь АНУ-ын өмнө өгсөн цэргийн тангаргаасаа няцаж, бидний болон манай түншүүдийн үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан хэнийг ч өршөөхгүй" гэж Пател анхааруулав.
Тэрээр нэмж хэлэхдээ, одоогийн ХМТ-ны удирдлага дор сүүлийн 21 сарын хугацаанд сөрөг тагнуул болон тагнуулын хэргээр наад зах нь 167 баривчилгаа хийсэн нь өмнөх үеэс 53 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
"Улс орнуудаа хамгаалахын тулд холбоотнуудын хамтын ажиллагаа ямар чухал болохыг энэ хэрэг харууллаа. Маш сайн ажилласан Их Британийн Терроризмтой тэмцэх цагдаагийн газар, Тангуулын алба (MI5), Их Британийн Батлан хамгаалахын сөрөг тагнуулын газар болон АНУ-ын Армийн Сөрөг тагнуулын командлалын хамт олонд гүн талархал илэрхийлье" гэж Пател хэлэв.
ТАТАР МАЙДАР







Гадаад



