Украины Ерөнхийлөгч АНУ, Украин, ОХУ-ын гурван талт уулзалтыг бүтээлч боллоо гэсэн бол дараагийн раундад ЕХ-ны төлөөлөгчдийг оролцуулах тал дээр хатуу эсрэг байр суурьтай байсан Кремль буулт хийсэн зэрэг асуудлаар дэлхийн томоохон хэвлэлүүд юу бичсэнийг Zogii.mn тоймлон хүргэж байна.
Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд (CNN, The Washington Post, Al Jazeera, DW, NBC) Абу Дабид өрнөж буй Орос, Украин, АНУ-ын гурван талт түүхэн уулзалтыг онцлох сэдэв болгон мэдээлж байгаа. Уулзалтад АНУ-ын зэвсэгт хүчний Европ дахь цэргийн командлалын (US European Command) ерөнхий командлагч Генерал Алексус Гринкевич биечлэн оролцож байгаа нь хэлэлцээрийн жинг улам нэмэгдүүлж байна.
1. УУЛЗАЛТЫН ЕРӨНХИЙ УУР АМЬСГАЛ БА ЗУУЧЛАГЧДЫН ҮҮРЭГ (NBC, AL JAZEERA)
-
NBC News: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс хэлэлцээрийг маш өндөр түвшинд чиглүүлж байна. Уулзалтыг Трампын тусгай элч Стив Виткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар гардан удирдаж байгааг онцолжээ. Кушнер уулзалтыг нээж хэлэхдээ: "Бид зөвхөн өнөөдрийн галыг зогсоох биш, ирэх хэдэн арван жил, магадгүй зууны турш бүс нутагт тогтвортой байх энх тайвны шинэ бүтцийг босгохыг зорьж байна" хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Европын командлалын хэвлэлийн төлөөлөгчийн "TVP World" агентлагийн албан ёсоор баталснаар, Генерал Гринкевич Абу Дабид АНУ-ын зэвсэгт хүчний ахлах төлөөлөгчийн хувиар ажиллаж байна. Түүний гол үүрэг нь Ерөнхийлөгч Дональд Трампын Орос-Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг урагшлуулах явцад АНУ-ын элч нарт (Жаред Кушнер, Стив Виткофф) цэргийн тактик, аюулгүй байдлын нарийн мэргэжлийн зөвлөгөө өгөхөд оршиж байгаа ажээ.

-
Al Jazeera: Украины Ерөнхийлөгч Зеленский Абу Дабид болсон эхний өдрийн 4 цаг гаруй үргэлжилсэн уулзалтыг "Бүтээлч бөгөөд нэлээд агуулгатай" боллоо гэж тодорхойлжээ. Хэлэлцээрийн эхний шатанд хүмүүнлэгийн тусламж, олзны хүмүүсийг солилцох болон цөмийн аюулгүй байдлын баталгааг голчлон хэлэлцсэн байна. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын талаас зөвхөн улс төрчид биш, цэргийн болон тагнуулын албаны томоохон удирдагчид ирсэн. Жишээ нь, Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Игорь Костюков болон Жанжин штабын Үндсэн шуурхай газрын орлогч дарга Юрий Жигарловский нар оролцлоо. Тиймээс АНУ-ын зүгээс Европын командлалын шилдэг генералаа суулгасан нь цэргийн бодит тэнцвэрийг хадгалах, фронтын шугам дээрх гал зогсоох техникийн нөхцөлийг мэргэжлийн түвшинд ярилцахад чухал нөлөөтэй.
2. ГАЗАР НУТГИЙН МАРГААН БА ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТУР (THE WASHINGTON POST, DW)
-
The Washington Post: Цагаан ордны зүгээс Украины газар нутгийн асуудлыг шийдэхдээ зөвхөн хилийн шугам тогтоох биш, Европын аюулгүй байдлын ерөнхий архитектур (НАТО-гийн цаашдын тэлэлт, зэвсэг хураах гэрээнүүд)-ыг Оростой хамт том зургаар нь хэлэлцэх Кремлийн олон жилийн шаардлагыг ширээний ард хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Шинжээчид үүнийг Оросын талд харилцан буулт хийх эхний суурь боломж олгож магадгүй алхам гэж үзэж байна.
-
DW (Deutsche Welle): Хэлэлцээрийн хамгийн том гацаа нь ОХУ-ын зүгээс Украины Донбасс мужийг бүтнээр нь өөрийн талд шилжүүлэхийг шаардаж буй явдал бөгөөд Зеленский үүнийг шууд няцааж байна. Хэдийгээр Абу Дабид уулзалт эхэлсэн ч хоёр талын фронт дээр цэргийн мөргөлдөөн, халдлага тасралтгүй үргэлжилсээр байгааг ХБНГУ-ын хэвлэл онцолжээ.
3. ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАЙР СУУРЬ (CNN)
-
CNN: Орос улс энэхүү уулзалтыг зөвхөн Орос-Украин-АНУ гэсэн гурван талт хэлбэрээр хийхийг хатуу шаардсан байна. Тиймээс Европын орнуудын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд болон НАТО, ЕХ-ны төлөөлөгчид Абу Дабид ирсэн ч үндсэн хэлэлцээрийн танхимд оролцохгүй, тусдаа уулзалт хийж байгаа аж. Европын Холбооны Гадаад бодлогын дарга Кая Каллас Оросыг үнэн хэрэгтээ дайныг зогсоох чин эрмэлзэлгүй, цаг хожих тактик хэрэглэж байна гэж шүүмжилсэн байна.
4.АНУ-ЫН ШАХАЛТ БА КРЕМЛИЙН БУУЛТ: "ЕВРОПЫГ ШИРЭЭНИЙ АРД АВЧИР"
-
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч нар болох Жаред Кушнер, Стив Виткофф нар Абу Дабигийн уулзалтыг "Европыг оролцуулахгүйгээр хийх хамгийн сүүлчийн уулзалт" байх ёстой гэсэн хатуу байр суурийг Оросын төлөөлөгчдөд тулгажээ. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр: "Европ тивийн аюулгүй байдлын шинэ бүтцийг хэлэлцэж байгаа тул Европ заавал ширээний ард суух ёстой. Бидний санал болгож буй хувилбараар энэ удаагийн гурван талт уулзалтын дараагийн раундаас эхлэн Европын холбоотнуудыг шууд хэлэлцээрт оруулах болно" хэмээн шаардсан байна. Кремлийн зүгээс АНУ-ын энэхүү зуучлалыг алдагдуулахгүйн тулд уг шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараагийн шатны мега уулзалтуудад Европыг албан ёсоор оролцуулахаар буулт хийжээ.
5. ДАРААГИЙН РАУНД: ЕВРОПЫГ ХЭН ТӨЛӨӨЛӨХ ВЭ?
Одоогоор АНУ болон Украины талууд Европыг төлөөлөх гол цөмийг "E3" буюу Их Британи, Франц, Герман улсууд байхаар тохиролцсон байна.
-
Эхний шатанд: E3 улсууд болон НАТО, Европын Комиссын хамтарсан баг дараагийн раундын аюулгүй байдлын хэлэлцээрт оролцоно.
-
Дараагийн шатанд: Хэрэв яриа хэлэлцээр амжилттай үргэлжилж, Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригуудыг цуцлах, царцаагдсан 200 гаруй тэрбум еврогийн хөрөнгийг чөлөөлөх зэрэг нарийн асуудлууд хөндөгдөж эхэлбэл Европын Холбооны (ЕХ) институт бүрэн бүрэлдэхүүнээрээ ширээний ард суух хуваарь гарчээ.
Энэхүү тохиролцоо нь Барууны эвслийг дотроос нь хагалж, Европыг тоглоомын гадна үлдээх гэсэн Кремлийн тактикийг АНУ-ын дипломатууд таслан зогсоож чадсаныг илтгэж байна.
6. ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГЛАЛ (АТЛАНТЫН ЗӨВЛӨЛ)
Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгүүд болон Атлантын зөвлөлийн аналитикууд энэхүү уулзалтаас шууд "Мега хэлэлцээр" гарна гэсэн хүлээлт үүсгэх хэрэггүй, маш даруухан байх хэрэгтэй гэж сануулж байна. Путины хувьд АНУ-ын шинэ засаг захиргааг Украиныг дэмжих бодлогоос нь холдуулах, барууны эвслийг дотроос нь хагалах зорилгоор энэ уулзалтад оролцож байх магадлалтай гэж тэд тайлбарлажээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



