БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотноо арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний чуулга уулзалт дэлхийн түүхэнд үеийн үед дурсагдах дурсамжтай дүр зургуудыг бүтээж, түүхэн үйл явдал болох нь гарцаагүй. Учир нь уг уулзалтын хүрээнд дэлхийн гурван том гүрэн болох АНУ, Хятад, Оросын удирдагчид Хүйтэн дайн дууссанаас хойш анх удаа гурван талт дээд хэмжээний уулзалт хийх гэж байна.
Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Бээжингийн дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, нээлтээ хийхэд ердөө нэг хоног үлдээд буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт нь нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагаагаар дамжуулан Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг цогцлоох сэдвийн дор өрнөнө. Хэлэлцэх асуудлын дараалалд хиймэл оюун ухааны (AI) технологийн хамтын ажиллагаа, хүн ам зүйн өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг бэхжүүлэх болон олон талт худалдааны дэг журмыг сэргээх зэрэг сэдвүүд багтжээ.
Ойролцоо хугацаанд дэлхийн хэмжээний өөр томоохон үйл явдал байхгүй тул зөвхөн эдгээр асуудал л гэхэд дэлхий нийтийн анхаарлыг татахад хангалттай. Үүн дээр АНУ, Хятад, Оросын гурван талт уулзалт нэмэгдсэнээр илүүц тайлбар шаардлагагүй болж байна. Хятадын тал дэлхий нийтийг хүлээлгэсний эцэст арваннэгдүгээр сарын 16-нд албан ёсоор зарласан уг уулзалтаар Украин болон Ираны дайн, цөмийн зэвсгийг хорогдуулах асуудал, Солонгосын хойгийн аюулгүй байдал, тэр дундаа Хойд Солонгосын цөмийн зэвсэг зэрэг дэлхийн хамгийн тулгамдсан сэдвүүдийг хөндөх хүлээлттэй байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн тав болон есдүгээр сард уулзсаныхаа дараа арваннэгдүгээр сарын 19-нд болох гурван талт уулзалтын үеэр дахин нүүр тулан уулзах юм. Хэдийгээр АПЕК-ийн уулзалт ердөө хоёрхон өдөр үргэлжлэх ч дэлхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарал Шэньжэнь хот руу чиглэх нь гарцаагүй.
Түүнчлэн зөвхөн АНУ, Хятад төдийгүй дэлхийн бараг бүх улс оронд томоохон дуулиан тариад буй Nvidia компанийн гүйцэтгэх захирал асан Жэнсэн Хуангийн дуулианы шуугиан намжаагүй байгаа үед энэ уулзалт болж буйгаараа онцлогтой. Албан ёсны хөтөлбөрт ороогүй ч уг асуудал ямар нэгэн хэлбэрээр хэлэлцүүлгийн сэдэв болох нь тодорхой байна.
Товчхондоо, зохион байгуулагч Хятад болон оролцогч орнуудын хүсэл зоригоос үл хамааран энэ жилийн уулзалт хэлэлцэх сэдэв, асуудлаар нэн баялаг чуулган болж хувирна. Бээжингийн улс төрийн тоймч Чэн Вэй энэ талаар "Өмнөх АПЕК-ийн чуулга уулзалтуудын аль нь ийм их анхаарал татаж байсан билээ? Олон нийтийн сонирхлыг татах тал дээр амжилтад хүрэх нь бараг баталгаатай боллоо" хэмээн тэмдэглэжээ.
Зохион байгуулагч орны хувьд Хятад улс ч үүнийг бүрэн ухамсарлаж байна. Засгийн газар болон төрийн мэдлийн хэвлэлүүд нэгэн дуугаар уг арга хэмжээг өргөн хүрээнд сурталчилж, Шэньжэнь болон Гуандун мужийн эрх баригчид нутгийн иргэдэд хүндрэл учруулахыг ч үл харгалзан хоёр өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахаар онцгой хүчин чармайлт гаргаж байгаа нь учиртай.
Мэдээж энэ уулзалт эрсдэл ч дагуулж байна. Сүүлийн өдөр болох АНУ, Хятад, Оросын гурван талт уулзалтын үр дүнд энэ гурван гүрэн бусад улс орны хүсэл зоригийг үл харгалзан зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн олон улсын дэг журмыг шинэчлэн тогтоох магадлал бага ч болов бий.
Тийм ч учраас дэлхийн хэвлэлүүд 1945 онд болсон түүхэн уулзалтыг эргэн санаж, энэхүү чуулганыг "хоёр дахь Ялтын бага хурал" болж хувирах вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ жилийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт хоёр дахь Ялтын бага хурлын тайз болох гутамшгаас мултарна гэх баталгаа алга. Гэхдээ тийм зүйл болсон ч бай, үгүй ч бай энэхүү чуулган үеийн үед дурсагдах түүхэн үйл явдал болж үлдэх нь өөрчлөгдөхгүй билээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



