Dark Light
Гадаад | 2026-11-17

ТРАМП NVIDIA-ТАЙ ХОЛБООТОЙ ТАГНУУЛЫН АСУУДЛЫГ ШИ ЖИНЬПИНТЭЙ ЯРИЛЦАЖ МАГАДГҮЙ ГЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | bloomberg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх удахгүй болох уулзалтынхаа үеэр Nvidia компанийн гүйцэтгэх захирал асан Жэнсэн Хуангтай холбоотой Хятадын тагнуулын асуудлыг хөндөж магадгүй гэдгээ Даваа гарагт мэдэгдлээ.

Азийн орнуудад хийх айлчлалдаа мордохоор Цагаан ордноос хөдлөхдөө тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Жэнсэн Хуанг болон “Megaspeed” компанийн удирдах ажилтан асан Элис Хуанг нарын харилцааны талаарх АНУ-ын тагнуулын байгууллагын дүгнэлтэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Д.Трамп “Түүнийг тагнуулч гэдгийг би мэдэхгүй. Үүнийг хэн ч нотлоогүй” хэмээн хэлжээ. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түүнд тагнуулын мэдээллийн талаар танилцуулсан эсэхийг асуухад “Би энэ талаар сонсоогүй, үгүй” гэж хариулсан байна.

АНУ-ын чип үйлдвэрлэгч аварга компанийг гуч гаруй жил удирдсан Жэнсэн Хуанг нууц амрагийн харилцаагаа хүлээн зөвшөөрснийхөө дараа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд албан тушаалаасаа огцорсон юм. Түүний огцролт нь Вашингтонд Хятадын тагнуулын нөлөөлөл болон экспортын хяналтын хэрэгжилтийн талаарх хурц маргааныг дэгдээгээд байгаа билээ.

ЗАСГИЙН ГАЗАР ДОТОРХ МАРГААН БА ХУДАЛДААНЫ САЙДЫН БАЙР СУУРЬ

Д.Трамп мөн “Megaspeed” компанийг АНУ-ын экспортын хязгаарлалтын жагсаалтад оруулах ажил удааширсантай холбоотой Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник нарын хоорондын олон нийтийн зөрчилдөөний талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр Бээжинд хийх айлчлалын өмнө Лутникийн болгоомжтой хандлагыг өмөөрч, түүнийг албан тушаалаас нь солих бодолгүй байгаагаа хэлсэн байна.

Засаг захиргаа доторх өөр өөр үзэл бодлын талаар Трамп “Нэг нь Хятадтай найрсаг байхыг хүсэж байгаа бол нөгөө нь Хятадтай муудалцахыг хүсэж байна. Бид Хятад руу явах гэж байгаа шүү дээ, яг очихынхоо өмнө тэднийг доромжлох нь тийм ч зөв зүйл биш гэж бодож байна” хэмээн тайлбарлажээ.

ЖЭНСЭН ХУАНГ NVIDIA-Д ЭРГЭН ИРЭХ ҮҮ?

Өмнө нь тус албан тушаалд Apple-ийн гүйцэтгэх захирал асан Тим Күүкийг санал болгож байсан Д.Трамп энэ удаад Жэнсэн Хуангийг Nvidia-ийн гүйцэтгэх захирлаар эргэн ирэхийг нээлттэй хүлээн авч буйгаа илэрхийллээ. Тэрээр “Түүнийг эргэж ирэхийг харахад би лав дургүйцэхгүй, тэр том сургамж авсан гэж бодож байна” хэмээн хэлээд, энэ нь “муугүй санаа” бөгөөд түүнийг эргүүлэн авахыг хүсэж буй “том бүлэг хүмүүс” байгааг гурвантаа давтан дурдсан байна.

Түүнчлэн Д.Трамп Хуангийн хувийн зан авирыг үндэсний аюулгүй байдлын асуудлаас тусад нь авч үзэж, түүний харилцаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулаагүй гэж үзэж буйгаа хэлжээ. “Жэнсэнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, гэр бүлийнх нь нөхцөл байдал хүндхэн байгаа. Харин түүний хийхийг хүсэж буй зүйл бол ердөө л чип зарах” гэж Трамп онцолсон байна.

Financial Times сонины мэдээлснээр, Жэнсэн Хуан ойрын хүрээллийнхэнтэйгээ ажилдаа эргэн орох талаар ярилцаж байгаа бол Цахиурын хөндий дэх түүний холбоотнууд Nvidia-ийн төлөөлөн удирдах зөвлөлд нөлөөлөх, Цагаан ордны дэмжлэгийг авахаар идэвхтэй ажиллаж эхэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08