Dark Light
Гадаад | 2026-11-17

ИЗРАИЛИЙН АРМИ 3.5 САЯ ПАЛЕСТИНЧУУДЫН ЗУРГИЙГ AMAZON-Ы СИСТЕМД БАЙРШУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Израилийн зэвсэгт хүчин палестин иргэдийн царайг таних, дүн шинжилгээ хийх зорилгоор 3.5 сая гэрэл зургийг Amazon компанийн үүлэн технологийн платформд байршуулсан талаар Их Британийн The Guardian сонин задруулсан баримт бичиг болон цэргийн эх сурвалжуудаас иш татан Даваа гарагт мэдээллээ.

Эдгээр зургийг 2024 оны эхээр Израилийн армийн “Rolling Stone” гэх тусгай хэлтсээс Тель-Авив хотын ойролцоох Amazon-ы дата төв рүү шилжүүлсэн байна. Газын зурвас болон эзлэгдсэн Баруун эргийн палестинчуудын өргөн хүрээний мэдээллийн санг хариуцдаг тус хэлтэс Amazon компанид хандан, хиймэл оюун ухаанд суурилсан зураг таних “Rekognition” үйлчилгээг нь царай таних зорилгоор ашиглах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн аж.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ЦЭГҮҮД БА “PROJECT NIMBUS”

2023 оны аравдугаар сард Израилийн арми Газын зурваст хуурай замын ажиллагаа эхлүүлсний дараа цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр өнгөрч буй дүрвэгсдийн зургийг тогтмол авч байсныг The Guardian онцолжээ. Уг технологийг ашиглан авсан зургуудыг цэргийн мэдээллийн сантай тулгаж, хүмүүсийг таних болон сэжигтэй зэвсэгт этгээдүүдийг илрүүлэхэд ашигласан байна.

Түүнчлэн Израилийн тал 2021 онд Amazon болон Google компаниудтай байгуулсан олон тэрбум ам.долларын өртөгтэй “Project Nimbus” үүлэн тооцооллын гэрээний хүрээнд тагнуулын болон цэргийн нууц мэдээллүүдийг Amazon Web Services руу шилжүүлсэн болохыг уг тайланд дэлгэжээ.

ГАЗЫН ЗУРВАСТ АШИГЛАСАН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ БУСАД СИСТЕМҮҮД

Өмнө нь буюу 2024 оны дөрөвдүгээр сард Израилийн +972 Magazine болон Local Call хэвлэлүүд Израилийн арми Газын зурваст агаарын цохилт өгөх байг тодорхойлохдоо “Lavender” гэх хиймэл оюун ухааны системийг ашиглаж, 37,000 хүртэлх палестин иргэнийг сэжигтнээр бүртгэсэн тухай мэдээлж байв. Израилийн тагнуулын офицеруудын хэлснээр цэргийн командлагчид 15-20 энгийн иргэн амь үрэгдэх эрсдэлтэй байсан ч доод тушаалын зэвсэгт этгээд гэж сэжиглэгдсэн хүмүүст цохилт өгөхийг зөвшөөрч байжээ.

Мөн сэжигтнүүдийг гэртээ харих үед нь илрүүлдэг “Where's Daddy?” гэх өөр нэг систем ашиглагдсан нь олон гэр бүлийг бөөнөөр нь амь үрэгдэхэд хүргэсэн гэж буруутгагддаг. The New York Times сонин ч мөн 2024 оны гуравдугаар сард Израилийн царай таних технологи Газын энгийн иргэдийг зэвсэгт этгээд хэмээн андуурч, олон хүнийг үндэслэлгүйгээр баривчлахад хүргэсэн тухай мэдээлж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08