Хиймэл оюун ухаан хосуудын харилцаанд улам бүр гүнзгий нэвтэрч байгааг гэр бүлийн сэтгэл засалчид болон өмгөөлөгчид анхааруулж байна. Чатботтой харилцах нь зүгээр нэг зугаа байхаа больж, гэр бүлийн маргаан үүсгэх шинэ шалтгаан болжээ.
Нэгэн эмэгтэй хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Сүүлийн маргааны дараа нөхөр маань надтай дахиж ярихыг хүсэхгүй байна гэж хэлээд, оронд нь утсаа гаргаж ирээд ChatGPT-тэй бичилцэж эхэлсэн" хэмээн ярьжээ.
Хүмүүс хиймэл оюун ухаанаас зөвхөн сэтгэл санааны дэмжлэг авахаас гадна маргаанд өөрийнхөө зөвийг батлах гэж ашиглах болсон байна. Хосууд өөрсдийнхөө зөв гэдгийг батлуулахын тулд ChatGPT-ээс асууж, түүнтэй харилцсан чатаа бүр "шүүхэд нотлох баримт" болгон авчирдаг болжээ.
Ялангуяа сэтгэл санааны дэмжлэг хайж эхэлсэн харилцааг нөгөө хүн нь "араар тавилт" гэж хүлээж авсан тохиолдолд байдал бүр ч хурцаддаг байна. "Clarkston Legal" хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Тимоти Флинн нэгэн шүүх хурлын тухай дурсахдаа, үйлчлүүлэгч эмэгтэй нь нөхрийнхөө чатботтой бичилцсэн чатыг флаш диск дээр хуулаад авчирсан тухай ярьжээ. Анх гэр бүлийн асуудлаа ярьж эхэлсэн тэрхүү чат сүүлдээ сээтэгнэсэн, дотно өнгө аястай болж хувирсан байсан аж.
Гэхдээ хиймэл оюун ухаан харилцааг үргэлж сүйтгээд байдаггүй. Зарим хосууд бие бие рүүгээ зурвас илгээхээсээ өмнө ууртай, ширүүн үг хэллэгээ зөөлрүүлж найруулахын тулд "Claude" эсвэл "ChatGPT"-г ашигладаг сайн тал бас бий.







Гадаад




