АНУ гадаад ажилчдад “Ногоон карт” олгох журмыг чангатгаж, америкчуудад давуу эрх олгохоор боллоо
АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа хөдөлмөр эрхлэлтэд суурилсан байнгын оршин суух зөвшөөрөл буюу “Ногоон карт” (Green Card) олгох журамд томоохон өөрчлөлт оруулах шинэ төслийг Мягмар гарагт танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь сэргээн засах эмч, сувилагчаас эхлээд өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн ажлын байранд гадаадын иргэдээс илүү америк ажилчдыг тэргүүн ээлжид ажилд авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Шинэ журамд тусгагдсан гол өөрчлөлтүүд:
-
Ажлын зарыг 90 хоног байршуулна: Ажил олгогчид сул ажлын байрны зарыг одоо мөрдөгдөж буй 30 хоногийн оронд хуанлийн 90 хоногийн турш тасралтгүй байршуулж, шаардлага хангасан америк ажилчдыг хайх бодит хүчин чармайлт гаргаснаа нотлох ёстой болно.
-
Цахим сувгаар тэгш зарлана: Хуучирсан сонины зар сурталчилгааг халж, компанийн цахим хуудас, ажлын байрны портал, олон нийтийн сүлжээ, хөдөлмөрийн яармаг болон их сургуулиудын элсэлтийн сувгуудаар дамжуулан энгийн ажлын байртай ижил нөхцөлөөр зарлахыг шаардана. Мөн ажлын байрны шаардлагыг зөвхөн гадаад ажилтанд тааруулан зохиохыг хориглоно.
-
Чөлөөлөх заалтыг хүчингүй болгоно: Өмнө нь сувилагч, сэргээн засах эмч болон шинжлэх ухаан, урлагийн онцгой авьяас шаардсан зарим мэргэжлээр гадаадын иргэнийг авахдаа дотоодын хөдөлмөрийн зах зээлийг шалгах шаардлагаас чөлөөлдөг байсныг цуцалж, америк өргөдөл гаргагчдыг заавал харгалзан үзэхээр болов.
-
Цомхотголд орсон америкчуудыг хамгаална: Сүүлийн хоёр жилийн хугацаанд америк ажилчдаа цомхотгосон зарим ажил олгогчдыг ижил эсвэл төстэй албан тушаалд гадаадын иргэн авах хүсэлт гаргахыг хориглохоор тусгажээ.
АНУ-ын Хөдөлмөрийн сайд Кит Сондерлинг энэ талаар “Энэхүү шинэчлэгдсэн журам нь өндөр ур чадвар, өндөр цалинтай ажлын байранд гадаадын ажиллах хүчнээс түрүүлж америк ажилчдыг эхний эгнээнд тавих баталгаа болно” хэмээн мэдэгдлээ.
Ажил олгогчид гадаадын иргэнийг байнгын оршин суух зөвшөөрөлд (PERM) дэмжихийн тулд эхлээд дотоодын зах зээлд тухайн ажлыг хийх чадвартай, хүсэлтэй, бэлэн америк ажилтан байхгүй гэдгийг батлах ёстой байдаг ч хуучин журам нь орчин үеийн ажилд авах арга барилтай нийцэхгүй болсон гэж Хөдөлмөрийн яам үзэж байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




