Dark Light
Гадаад | 2026-11-19

Д.ТРАМП, В.ПУТИН НАРЫН УУЛЗАЛТ 42 МИНУТ ҮРГЭЛЖЛЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр буюу Пүрэв гарагт БНХАУ-ын Шэньжэнь хотноо болж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд төлөвлөгөөнд тусгагдаагүй богино хэмжээний нүүр тулсан уулзалт хийлээ. 

Америкийн албаныхны “хажуугийн богино уулзалт” (pull-aside) хэмээн тодорхойлсон уг яриа хэлэлцээ Шэньжэнь дэх Засгийн газрын хүлээн авалтын цогцолбор болох “Kylin Villa”-гийн тусгай өрөөнд болсон байна. Орон нутгийн цагаар 12:15 цагт Д.Трамп Сангийн сайд Скотт Бессент, Цагаан ордны Тамгын газрын дарга Стивен Миллер нарын хамт өрөөнд орж ирээд В.Путинтэй шууд гар барин мэндчилжээ. Тэрээр Путиний зүг алхах зуураа “Тэр хэн бэ? Тэр бол миний найз” хэмээн хэлсэн нь хэвлэлийнхний бичлэгт үлдсэн байна. 

Уулзалт эхлэхийн өмнө Д.Трамп сэтгүүлчдэд хандан “Бид олон жилийн турш маш сайхан харилцаатай байсаар ирсэн. Бид бие биеэ эртнээс мэднэ. Энэ уулзалтаас олон гайхалтай зүйл гарна, эсвэл ядаж л эхлэл нь тавигдана гэж би бодож байна. Та бүхний мэдэж байгаачлан бид дараа нь хоёр дахь уулзалтаа хийнэ” хэмээн мэдэгджээ. 

Өрөөний багтаамж бага болон хоёр талын тэгш байдлыг хангах үүднээс сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлээгүй бөгөөд Д.Трамп 12:57 цагт уулзалтын өрөөнөөс гарч явснаар яриа хэлэлцээ нийт 42 минут үргэлжилсэн байна. Уулзалтын өрөөний ойролцоо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар байлцжээ. 

Украин ба АНУ-ын сенаторуудын анхааруулга

Энэхүү уулзалт нь өнгөрсөн жил Аляскад болсон хэлэлцээ амжилтгүй өндөрлөснөөс хойш Трамп, Путин нарын нүүр тулан уулзсан анхны тохиолдол бөгөөд Орос-Украины дайн анхаарлын төвд хэвээр байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр оройн мэдэгдэлдээ, өнөөдөр Берлин хотноо АНУ-ын тусгай элч нар Бээжинд хийсэн хэлэлцээний талаар Украины албаныханд мэдээлэл өгнө гэдгийг дурджээ. Мөн Вашингтон дахь Украины хэргийг түр хамаарагч Денис Сиеник Киевийн оролцоогүйгээр Украины талаар ямар ч шийдвэр гаргах боломжгүйг дахин сануулсан байна. 

Үүний зэрэгцээ АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны гишүүн Жин Шахин тэргүүтэй Ардчилсан намын есөн сенатор хамтарсан мэдэгдэл гаргаж, “Америкийн аюулгүй байдлыг зүгээр нэг гэрэл зураг авахуулах эсвэл хувийн нэр алдрын төлөө арилжиж болохгүй” хэмээн Д.Трампад анхааруулжээ. Тэд Трампыг В.Путинд буулт хийхийн оронд түрэмгийллийнх нь төлөө бодит төлөөс төлүүлэх, мөн Оросын дайныг дэмжиж буй Хятадын компани, банкуудын асуудлаар Ши Жиньпинд шахалт үзүүлэхийг уриалсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08