Dark Light
Гадаад | 2026-11-20

ТРАМП ШИНЭ ОН ГАРТАЛ ИРАНЫГ БӨМБӨГДӨХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Б.Нетаньяху бөмбөгдөлтийг дахин эхлүүлэхийг шахаж байгаа ч Д.Трамп Иранд өгөх цохилтыг шинэ он хүртэл хойшлууллаа

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Тегераны эсрэг агаарын цохилтыг дахин эхлүүлэхийг Вашингтоноос шаргуу шаардаж байгаа хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талаарх дараагийн алхмаа шийдэхээс өмнө шинэ он гартал хүлээнэ гэдгээ мэдэгдлээ. 

Пүрэв гарагт БНХАУ-д болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас АНУ руу буцах замдаа “Air Force One” онгоцон дотроос Axios сайтад өгсөн тусгай ярилцлагадаа Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээх эсэх шийдвэрийг яаран гаргахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр “Би ямар ч шийдвэрт яарахгүй байна. Шинэ он гарсны дараа юу болохыг харъя” хэмээн хэлжээ. 

Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт дахин томоохон цэргийн довтолгоо хийх магадлал “тун бага” гэж мэдэгдсэн ч Вашингтон Израилын шинэ цохилтод нэгдэх хувилбарыг бүрэн үгүйсгээгүй хэвээр байна. Axios-ийн мэдээлснээр, АНУ-ын хэлэлцэж буй цэргийн хувилбаруудад Ираны цөмийн байгууламж байж болзошгүй гэгдэх “Pickaxe Mountain” зэрэг объектууд, мөн гүүр, цахилгаан станц, Ираны цэргийн болон иргэний удирдагчдыг онилох төлөвлөгөө багтжээ. 

Цагаан ордон эдгээр цохилтын хувилбаруудад Тегеран хэрхэн хариу барих талаар Пентагон болон тагнуулын албаныхнаас үнэлгээ авсан бөгөөд АНУ-Израилын хамтарсан ажиллагаа нь Персийн булангийн орнуудын газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд Ираны зүгээс сүйрлийн хэмжээний хариу цохилт өгөх эрсдэл дагуулах вий гэдэгт голлон санаа зовниж байна. 

Б.НЕТАНЬЯХУ МОССАДЫН ТЭРГҮҮНИЙГ АНУ РУУ ИЛГЭЭЖЭЭ

Шинэ цэргийн ажиллагаа эхлүүлэх дипломат шахалт ч мөн эрчимжиж, Б.Нетаньяху өнгөрсөн долоо хоногт Израилын тагнуулын “Моссад” албаны дарга Роман Гофманыг Вашингтон болон Майами руу илгээж, Тагнуулын төв газрын (CIA) захирал Жон Рэтклифф болон Цагаан ордны тусгай элч Стив Уиткофф нартай уулзуулсан байна. 

Израилын эх сурвалжийн мэдээлснээр, Р.Гофман Ираны эсрэг дайныг дахин эхлүүлэхийг ятгах зорилготой очсон төдийгүй Тегеран химийн зэвсэг хөгжүүлэх судалгаа, туршилтаа эрчимжүүлсэн гэх тагнуулын мэдээллийг Америкийн талд дамжуулжээ. Уг шинэ тагнуулын мэдээллийг Д.Трампад танилцуулсан гэдгийг АНУ-ын албаны хүн баталсан байна. 

Д.ТРАМПАД “ГУРАВ ДАХЬ СОНГОЛТ” БИЙ ЮУ?

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Их 7”-гийн (G7) Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохдоо дайныг дахин эхлүүлэх эсвэл Тегерантай энхийн гэрээ байгуулах гэсэн хоёрхон сонголтоос гадна гурав дахь зам бий гэдгийг онцолсон юм. 

М.Рубио “Ерөнхийлөгчид зөвхөн хоёр сонголт байгаа юм биш. Дайн руу буцах эсвэл утгагүй энхийн гэрээнд гарын үсэг зурахын оронд одоо хийж байгаа зүйлээ буюу эдийн засгийн хориг, шахалтаа үргэлжлүүлэн чангатгах гурав дахь хувилбар бидэнд бий” хэмээн мэдэгджээ. Энэ стратеги нь цаг хугацааны шахалтад оролгүйгээр Ираны эдийн засгийг аажмаар туйлдуулж, зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлэх болон цэргийн хүчин чадлаа сэргээх боломжийг нь хязгаарлах зорилготой аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08