Dark Light
Гадаад | 2026-11-20

УМАРД СОЛОНГОСЫН ЗАЛУУС “GRAND THEFT AUTO” (GTA) ТОГЛОДОГ УУ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан, мэдээллийн хатуу хяналттай БНАСАУ-д залуус дэлхий даяар алдартай “Grand Theft Auto” (GTA) зэрэг видео тоглоомуудыг нууцаар тоглож, тэр ч байтугай дотоод сүлжээ (LAN) үүсгэн хоорондоо өрсөлддөг тухай Хойд Солонгосоос дүрвэн гарсан иргэд өгүүлжээ. 

NK News сайтын “Хойд солонгос хүнээс асууя” буланд 2019 онд тус улсын Хесан хотоос Өмнөд Солонгост дүрвэн ирсэн Ли Жү Вон гэх залуу Хойд Солонгост видео тоглоом энгийн консолоос ухаалаг гар утасны тоглоом хүртэл хэрхэн хөгжсөн тухай дурсамжаа хуваалцсан байна. Тэрээр эрх баригчдын суртал ухуулгын агуулгатай тоглоомуудаас илүүтэй “Grand Theft Auto” зэрэг гадаадын энтертайнмент тоглоомууд залуусын сонирхлыг үргэлж татдаг байсныг онцолжээ.

USB флаш диск ба нууцлах арга

Түүний энэ яриаг Kotaku зэрэг олон улсын тоглоомын хэвлэлүүдэд нийтлэгдсэн бусад дүрвэгсдийн мэдээлэл ч давхар баталдаг. Тухайлбал, Өмнөд Солонгост дүрвэн ирсэн 14 настай нэгэн хүү Daily NK сонинд өгсөн ярилцлагадаа “Би Хойд Солонгост байхдаа Өмнөд Солонгосын хамгийн алдартай бараг бүх видео тоглоомыг тоглож үзсэн. Миний найзууд бүгд гадаадын тоглоом тоглож байсан. Тоглоом USB флаш диск дээр хуулагдаад гудамжинд гарч ирмэгц бүх хүүхдүүд тэр дор нь мэдэж, тоглож эхэлдэг” хэмээн ярьжээ. 

Хятадын хилээр дамжин нууцаар орж ирдэг эдгээр тоглоомуудаас “Grand Theft Auto 5”, хөлбөмбөгийн “FIFA Online” болон “I.G.I. 2” зэрэг буудлагатай тоглоомууд хамгийн их эрэлттэй байдаг аж. 

Шалгалтаас хэрхэн мултардаг вэ?

Өөр нэгэн дүрвэгчийн хэлснээр залуус компьютеруудаа хооронд нь холбож, дотоод сүлжээний (LAN) тэмцээн хүртэл зохион байгуулдаг байна. Шалгалт ирэх үед баригдахгүйн тулд тэд тоглоомын файлын нэр болон өргөтгөлийг өөрчилж, энгийн дуу, зураг эсвэл бичиг баримт (.mp3, .avi, .doc, .jpg) мэтээр нуудаг аж. 

Тэрээр “Эрх баригчид гол анхаарлаа Өмнөд Солонгосын кино, олон ангит драмыг илрүүлж, таслан зогсооход чиглүүлдэг учраас гадаадын компьютер тоглоом тоглож байгаад баригдах вий гэж хүмүүс тийм ч их айдаггүй” хэмээн тайлбарлажээ.

Хойд Солонгосын видео тоглоомын зах зээлийн сонирхолтой баримтууд

Гар утасны тоглоом ба “Миний замын нөхөр”: Тус улсын хүн амын 23 орчим хувь нь ухаалаг гар утас эзэмшдэг ч дэлхийн интернэтэд холбогдох эрхгүй, зөвхөн дотоодын “Кванмён” (Kwangmyong) сүлжээнд ордог. Тэдний “My Road Companion 4.3” нэртэй дотоодын апп дэлгүүрт 250 орчим тоглоом байдгийн дотор Angry Birds, Clash of Clans зэрэг гадаадын тоглоомуудыг хуулбарласан хувилбарууд болон Криштиану Роналдугийн дүрээр тоглодог King of Scoring 2019 хөлбөмбөгийн тоглоом багтдаг байна. Мөн Америк цэргүүдийг бууддаг Hunting Yankee гэх суртал ухуулгын тоглоом ч бий. 

Пёньяны 300 компьютертэй “ASUS ROG” тоглоомын төв: 2025 онд Хойд Солонгосын эрх баригчид нийслэл Пёньян хотноо 300 компьютер бүхий томоохон тоглоомын төвийг байгуулжээ. Тус төвд Тайванийн “Asus” брэндийн өндөр хүчин чадалтай Republic of Gamers (ROG) компьютер, дэлгэц, чихэвч суурилуулсан бөгөөд Counter-Strike, Dota, Call of Duty, Warcraft, StarCraft, Resident Evil, The Last of Us зэрэг дэлхийн алдартай тоглоомуудыг тоглох боломжтой болсон байна. 

Дэлхийн “Steam” сүлжээн дэх ганц цэг: Дэлхийн хамгийн том компьютер тоглоомын платформ болох Steam-ийн татан авалтын газрын зураг дээр 2013 оноос хойш Хойд Солонгосын нутаг дэвсгэрээс ганцхан цэг бүртгэгдсэн байдаг бөгөөд тоглоомын хэвлэлүүд үүнийг “Хойд Солонгосын цорын ганц Steam хэрэглэгч” хэмээн хошигнон нэрлэдэг. 

Ким Жон Уны бага насны консол ба “Моранбон”: Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун залуудаа Швейцарт суралцаж байхдаа PlayStation консол дээр сагсан бөмбөгийн тоглоом тоглох дуртай байжээ. Харин тус улс 2019 онд Хятадын Subor G80 консолыг хуулбарлан, хөдөлгөөн мэдрэгчтэй Моранбон (Moranbong) нэртэй өөрийн гэрийн тоглоомын консолыг зах зээлд гаргасан байдаг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08