Японы Ерөнхий сайд С.Такаичи Д.Трамптай утсаар ярьж, Хятад, Оростой хийсэн уулзалтын талаар мэдээлэл солилцсон байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Филиппиний Манила болон БНХАУ-ын Шэньжэнь хотноо хийсэн айлчлалын хөтөлбөрөө өндөрлүүлж эх орондоо эргэн ирснийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Ерөнхий сайд С.Такаичи орон нутгийн цагаар 22:30 цагт “Air Force One” онгоцоор буцаж явсан Д.Трамптай холбогдсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч түүнд АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалт болон АНУ-Хятад-Оросын гурван талт уулзалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байна. Мөн хоёр удирдагч Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон Украины нөхцөл байдал зэрэг олон улсын тулгамдсан асуудлаар илэн далангүй санал солилцжээ.
АПЕК-ИЙН УУЛЗАЛТ БА ЯПОНЫ БАЙР СУУРЬ
Ерөнхий сайд С.Такаичи эх орондоо буцахаасаа өмнө өглөө нь Шэньжэнь хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед тэрээр бүс нутгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн төлөө дараах гурван гол асуудлыг онцолсон байна:
-
Дүрэмд суурилсан, чөлөөт, шударга олон улсын эдийн засгийн дэг журмыг бэхжүүлэх,
-
Эрчим хүч тэргүүтэй нийлүүлэлтийн сүлжээний тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх,
-
Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) шинэчлэлд идэвхтэй оролцох.
Энэ удаагийн чуулганаар баталсан “Шэньжэний удирдагчдын тунхаглал”-д чанартай дэд бүтэц, хил дамнасан өгөгдлийн итгэлцлийг бэхжүүлэх зэрэг Японы чухалчилдаг олон заалт туссаныг тэрээр сайшааж, үүнийг гишүүн орнууд Японы байр суурийг дэмжсэний илрэл хэмээн тэмдэглэжээ.
ЯПОН-АНУ-ЫН ХОЛБОО БА “QUAD”-ЫН ЭВ НЭГДЭЛ
С.Такаичи энэ долоо хоногийн эхээр Манила хотноо болсон “Quad” (АНУ, Япон, Энэтхэг, Австрали)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болон ганцаарчилсан уулзалтаараа Д.Трампад Японы байр суурийг дахин уламжилснаа дурдсан байна. Тэрээр өнөөдөр хамгийн итгэлтэй холбоотон болсон Япон, Америкийн харилцааг улам өндөр түвшинд гаргаж, холбоотон болон нэгдмэл үзэл санаатай орнуудтай нягт хамтран ажиллаж, чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хамгаалан бэхжүүлэхээ илэрхийлжээ.
ТАТАР МАЙДАР





Гадаад



