“Том алдаа”: Бүгд найрамдах намын сенаторууд Д.Трампын В.Путин, Ши Жиньпин нартай хийсэн уулзалтыг шүүмжиллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсоны дараа өөрийн намын гишүүдээс ширүүн шүүмжлэл хүлээж эхэллээ.
Арваннэгдүгээр сарын 19-нд Хятадын Шэньжэнь хотноо гурван удирдагч уулзсаны дараа гаргасан хамтарсан “Энхийн тунхаглал”-д эрчим хүч, цөмийн аюулгүй байдал, олон улсын байгууллагуудын шинэчлэлийн талаар тусгасан ч Оросын Украины эсрэг хийж буй дайныг огт дурдаагүй юм.
Бүгд найрамдах намын сенаторуудын байр суурь
-
Сенатор Жон Корнин: Дэлхийн зах зээлд Оросын түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь засаг захиргааны хүсэж буй шиг үнийг бууруулж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд, үүнийг ноцтой алдаа гэж нэрлэв. Тэрээр “Оросууд экспортын орлогоо дайныг санхүүжүүлэх, Украины энгийн иргэдийг хөнөөхөд ашигладаг. Үүнийг би маш том алдаа гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.
-
Сенатор Синтия Ламмис: Оросын түлшний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлэх нь эцсийн дүндээ АНУ-ын дотоодын газрын тос боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэх сонирхлыг бууруулна гэдгийг анхаарууллаа.
-
Сенатор Том Тиллис: Удахгүй бүрэлдэх Ардчилсан намын олонх нөлөөллөө ашиглан засаг захиргааны энэхүү шийдвэр, чөлөөлөлтүүдийг хүчингүй болгохын тулд бүх боломжийг ашиглана гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна.
Шэньжэний “Kylin Villa”-д 1 цаг 20 минут үргэлжилсэн гурван талт уулзалтын дараа гаргасан тунхаглалд цөмийн дайнд ялагч гэж үгүй бөгөөд хэзээ ч эхлүүлж болохгүйг дахин баталж, Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) зэрэг байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүйг онцолсон ч Украин болон АНУ-Ираны мөргөлдөөнийг дурдаагүй орхижээ. Түүнчлэн Цагаан ордны мэдээлэлд Д.Трамп В.Путинээс дайныг зогсоохыг шаардсан, эсвэл Хятад улс Оросын батлан хамгаалах салбарт сэлбэг хэрэгсэл нийлүүлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн тухай ямар ч дурдатгал байхгүй байгаа аж.
В.Зеленский ба Европын удирдагчдын шүүмжлэл
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский NBC News-т өгсөн ярилцлагадаа АНУ, Хятад хоёр улс Оросын дайныг зогсооход хангалттай эдийн засаг, улс төрийн нөлөөтэй гэдгийг онцлов. Тэрээр “Хэрэв Хятад, АНУ хоёр хориг арга хэмжээ авч, Оростой хийх экспорт, импортоо зогсоовол дайн тэр даруй дуусна” хэмээн мэдэгдээд, В.Путинийг дээд хэмжээний уулзалтад урьсан явдлыг буруушаажээ.
Мөн арваннэгдүгээр сарын 19-нд Киев дэх Австрийн Элчин сайдын яам Оросын цохилтод өртсөний дараа Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига олон улсын гэмт хэрэгтэн, террорист хэмээн В.Путинийг буруутгасан бол Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский Орос улс АПЕК-ийн уулзалтад оролцсоныг шүүмжилсэн байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад



