АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Азид хийсэн айлчлалынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ Пёньянаас цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоохыг шаардахгүй байх мэдэгдэл гаргах хувилбарыг хэлэлцэж байсан тухай The Wall Street Journal сонин мэдээллээ.
Хэдийгээр энэ алхам нь АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг болохгүй ч Пёньяныг цөмийн зэвсгээ хураахыг идэвхтэй шахахаа болиход бэлэн байгаагийн дохио болох байв. Энэхүү санал нь дипломат харилцаа сэргэсэн тохиолдолд Вашингтон Умард Солонгосын цөмийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.
Айлчлалын эцсийн мөч хүртэл уулзахаар хөөцөлдсөн ч бүтэлгүйтэв
Олон эх сурвалжаас эш татан The Wall Street Journal-ийн бичсэнээр, Д.Трамп арваннэгдүгээр сарын 18–19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотноо болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг багтаасан айлчлалынхаа сүүлийн мөч хүртэл Ким Жон Унтай нүүр тулан уулзах боломжийг эрэлхийлсэн байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 16-нд Ази руу мордохынхоо өмнөхөн Кимтэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь хоёр удирдагчийн уулзалтын талаарх таамгийг улам өрдсөн юм.
Гэсэн хэдий ч Пёньяны зүгээс Вашингтоны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл тавьсны улмаас уг уулзалт эцсийн мөчид цуцлагджээ. Умард Солонгосын тавьсан тодорхой нөхцөлүүд олон нийтэд ил болоогүй ч АНУ түүнийг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөх шаардлага багтсан байж болзошгүй байна. Сануулахад, Ким Жон Ун өнгөрсөн хоёрдугаар сард хэрэв Вашингтон цөмийн статусыг нь хүндэтгэж, “дайсагнасан бодлогоосоо” татгалзвал АНУ-тай энх тайвнаар зэрэгцэн оршиж чадна хэмээн мэдэгдэж байсан юм.
Солонгосын дайныг эцэслэх тунхаглал ба харилцааны төлөөлөгчийн газар
Трампын засаг захиргааны албаныхан Ким Жон Унтай уулзалт товлохын тулд цөмийн зэвсгээс ангижруулах аливаа шаардлагаасаа татгалзсан мэдэгдэл гаргах хувилбарыг судалж байжээ. Үүний хариуд Пёньян уг саналыг хүлээн авбал Умард Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтыг хязгаарлах тохиролцоонд хүрэхээр төлөвлөж байсан аж.
Түүнчлэн Вашингтоны зүгээс хоёр улсын хооронд албан ёсны дипломат суваг бий болгох үүднээс харилцааны төлөөлөгчийн газар нээх, мөн Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгосон тунхаглал гаргах хувилбаруудыг мөн хэлэлцэж байсан байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



