Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг баталснаар тус улсад улс төр, эдийн засгийн тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж байгаа талаар Европын Euronews суваг мэдээллээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны зургадугаар сард дуусах байсан ч ардчилсан түүхэнд анх удаа бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр огцорсон Ерөнхийлөгч болж, улмаар ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдэв.
УИХ-ын чуулганд оролцсон 104 гишүүний 96 нь (92.3 хувь) дэмжсэн бол Ерөнхий сайд Ням-Осорын Учрал тэргүүтэй найман гишүүн эсрэг санал өгсөн байна.
Авлигын буруутгал ба гүйцэтгэгч компанийн байр суурь
Канадаас цахим шууд дамжуулалт хийсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Улаанбаатар хотын захирагч асан Хишгээгийн Нямбаатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайтын 234 км төмөр замын төслийн гэрээг 2019 онд өрсөлдөөнт тендер зарлалгүйгээр “Бодь Интернэшнл” ХХК-д олгож, 22 гаруй сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгасан юм. Уг мэдэгдэлд мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Баттөмөрийн Энхбаяр нарын нэр дурдагджээ.
У.Хүрэлсүх энэхүү буруутгалыг эрс няцааж, “Би ард түмнээсээ, төрөөсөө хулгай хийж байгаагүй. Би Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэн болно” хэмээн мэдэгдсэн бол сөрөг хүчин болох Ардчилсан намаас түүнийг огцрохыг шаардсан байна.
Харин төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн компани уг буруутгалыг няцааж, төслийг 2019–2022 онд 2013 онд баталсан төсөвт багтаан дуусгасан бөгөөд захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөгийн (79 орчим сая ам.доллар) урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулж, төслийн өртгийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй гэдгийг баримтаар нотолсон мэдэгдэл гаргажээ.
Эрх баригч нам доторх тэмцэл ба Үндсэн хуулийн өөрчлөлтийн уриалга
2016 оноос хойш засаглаж буй МАН доторх өөр өөр бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн энэ хямралын цаана байгааг Euronews онцлов. “Тэнгэр ТВ”-ийн гүйцэтгэх захирал Амарсайханы Ундрал тус сувагт өгсөн ярилцлагадаа “Эрх баригч нам доторх өрсөлдөгч бүлэглэлүүд сөрөг хүчний гол эх үүсвэр болж, дотоод маргаанаа үндэсний хэмжээний улс төрийн хямрал болгон хувиргаж байна” хэмээн дүгнэжээ.
Тэрээр мөн инфляц 13.6 хувьд хүрч 2022 оноос хойших дээд түвшинд очсон, зунаас хойш шатахууны хомсдол үргэлжилж буй эдийн засгийн дарамтыг дурдаад, сүүлийн нэг жилд гурван Засгийн газар солигдсон нь намын ирээдүйн хяналт болон хариуцлагын төлөөх тэмцэл гэдгийг тэмдэглэсэн байна.
Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж, дөрвөн сарын дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. Албан тушаалаа өгөхийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуультай хамт Үндсэн хуулийн ард нийтийн санал асуулга явуулахыг уриалж, Ерөнхийлөгчийг сонгодог хоёр танхимтай парламенттай болох эсвэл гүйцэтгэх эрх мэдэл нь илүү өргөн ерөнхийлөгчийн засаглалд шилжих хоёр хувилбарыг дэвшүүлсэн ч парламент одоогоор санал асуулга зарлаагүй байна.
ТАТАР МАЙДАР






Улс төр



