АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн TruthSocial платформ дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “миний найз” хэмээн магтан бичсэний дараа Их Британийн улс төрийн бүх хүчнүүдээс хатуу шүүмжлэл хүлээлээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шэньжэнь хотноо В.Путин болон Ши Жиньпин нартай уулзсаныхаа дараа Д.Трамп ийм мэдэгдэл хийсэн бөгөөд АПЕК-ийн уулзалтын үеэр В.Путинтэй инээмсэглэн гар барьж, сэтгүүлчдэд “бид олон жилийн турш гайхалтай харилцаатай байсан” хэмээн хэлсэн юм.
Британийн улстөрчдийн байр суурь
-
Европын асуудал эрхэлсэн сайд Хэмиш Фалконер: Тэрээр Sky News сувагт өгсөн ярилцлагадаа В.Путинийг “алуурчин” (butcher) хэмээн нэрлээд, “Их Британийн улс төрийн бүх хүрээнийхэн Оросын харгис, хууль бус дайны эсрэг Украинтай хамт зогсох тал дээр бүрэн нэгдмэл байдаг. Владимир Путин миний найз байж чадах уу? Үгүй. Тэр Их Британийн ч найз биш” хэмээн мэдэгджээ.
-
Консерватив намын дэд дарга Алекс Бургхарт: “Би үүнд маш их харамсаж, сэтгэлээр унаж байна. Миний өсөж торнисон ертөнцөд АНУ бол эрх чөлөөг хамгаалагч байсан. Харин одоо тийм байхаа больсон ертөнц рүү бид шилжиж байгаа вий гэхээс санаа зовж байна” гэжээ. Мөн тус намын сайд асан Конор Бернс “Энэ толбыг арилгахад АНУ-д хэдэн арван жил шаардагдана” хэмээн бичсэн байна.
-
“Reform” намын дэд дарга Ричард Тайс: Д.Трамптай ойр харилцаатай гэдгээрээ бахархдаг Найджел Фаражийн намын төлөөлөл хүртэл уг үйлдлийг “аймшигтай, ноцтой алдаа” хэмээн буруушааж, “Путин бол бидний найз биш, тэр бол алуурчин дарангуйлагч” гэж хэлжээ.
В.Зеленскийн хариу ба Их Британийн тусламж
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский CNN-д өгсөн ярилцлагадаа Д.Трамп В.Путинийг хэрхэн нэрлэх нь түүний хэрэг ч “бидний хувьд тэр бол дайсан, алуурчин” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Их Британийн тал Киевт алсын тусгалтай 1,000 дрон нийлүүлэхээр амлаж, Хар тэнгист Украиныг хамгаалах зорилгоор Британид үйлдвэрлэсэн хурдан довтолгооны хоёр завь нийлүүлэх чиглэлээр Норвегитэй хамтран ажиллахаар болсон байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



