Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан "Neuralink" компани эмнэлзүйн туршилтад оролцогч нь ямар ч гар болон удирдлага (геймпад) ашиглахгүйгээр, зөвхөн тархины дохиогоор саяхан нээлтээ хийсэн "GTA VI" видео тоглоомыг тоглож буй дүрс бичлэгийг олон нийтэд танилцууллаа.
Тоглоомын дэлхийн нээлтийн маргааш буюу 11-р сарын 20-нд "X" (хуучнаар Twitter) сүлжээнд нийтлэгдсэн хоёр минутын уг бичлэг богино хугацаанд зургаан сая гаруй хандалт авчээ. Бичлэг дээр тоглогч модод дундуурх нарийн суваг болон гүүрэн доогуур завь жолоодож, илгээмж авах даалгаврыг гүйцэтгэж буй нь харагдана. Тус систем нь зөвхөн жолоодох төдийгүй агаарт нисэх, тулалдах, буудалцах зэрэг тоглоомын бүх үйлдлийг бүрэн удирдах боломж олгодог аж. Дэлгэц дээр тоглоомын явцаас гадна тоглогчийн тархины дохиог тайлж буй үзүүлэлт болон аль товчлуур дарагдаж байгааг харуулах удирдлагын бүдүүвчийг зэрэгцүүлэн харуулжээ.
Хэрхэн ажилладаг вэ?
Энэхүү технологийн үндэс нь гарын хөдөлгөөнийг хариуцдаг тархины хэсгийн идэвхжилийг уншдаг "Telepathy" нэртэй суулгац чип юм. Тоглогч гараа хөдөлгөж байна гэж төсөөлөхөд систем тухайн мэдрэлийн дохиог "A" эсвэл "B" товчлуур дарах команд болгон хувиргадаг байна. Удаан хугацааны сургуулилтын үр дүнд чип нь хүний тархины дохиог зорилготой нь яг таг уялдуулж сурдаг аж. Одоогоор тоглоомын удирдлагын энэ горим туршилтын шатандаа яваа бөгөөд зөвхөн цөөн оролцогч дээр гар, тэргэнцэр болон робот гар удирдах туршилттай зэрэгцүүлэн туршиж байна.
Саажилттай хүмүүст олгох боломж
"Neuralink"-ийн туршилт нь нугасны гэмтэл, хажуугийн хатингаралт хатуурал (ALS) болон тархины цус харвалтын улмаас бие нь саажилттай болсон хүмүүст дижитал ертөнцөд бие даан оролцох боломж олгох зорилготой. Тоглогчийн хэлснээр, өмнө нь тэрбээр зөвхөн "iPad"-ийн дэлгэц дээр хөнгөн хүрэх төдий энгийн тоглоом л тоглож чаддаг байсан бол энэхүү чип түүнд "ертөнц рүү нэвтрэх хаалга"-ыг нээж өгчээ.
Тус компани 2024 онд анхны оролцогч Ноланд Арбог чипийн тусламжтайгаар "Civilization VI" болон "Mario Kart" тоглож буйг харуулж байсан билээ. Хэдийгээр энэ нь гайхалтай амжилт боловч "Neuralink"-ийн суулгацууд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас (FDA) албан ёсны зөвшөөрлөө хараахан аваагүй, туршилтын төхөөрөмж хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
ТАТАР МАЙДАР





Гадаад



