Монгол, Чех улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, визийн нөхцөлийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Баттөмөрийн Энхсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг өнөөдөр (2026.11.23) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хөдөлмөр эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой цаг үеийн мэдээллийг солилцож, харилцан хөрөнгө оруулалт, иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих замаар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй визийн таатай нөхцөлийн талаар онцлов. Энэхүү бодлогын хүрээнд аялал жуулчлалын зорилгоор манай улсад зорчих Европын 34 улсын иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн бөгөөд үүнд Бүгд Найрамдах Чех Улс багтаж байгаа юм.
Статистик мэдээллээс дурдахад, 2026 оны байдлаар Монгол Улсад Бүгд Найрамдах Чех Улсын 30 гаруй иргэн оршин сууж байгаа бол Бүгд Найрамдах Чех Улсад 15 мянга гаруй Монгол Улсын иргэн ажиллаж, амьдарч байна.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлэх, сургалт болон туршлага солилцох хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр талууд санал нэгдлээ.
Тус уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дамдинсүрэн, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Консул Ийржи Бэднарж нар байлцав.
ТАТАР МАЙДАР





Нийгэм



