АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан ээлжит татварын шийдвэрийг Азийн худалдааны түншүүд Пүрэв гарагт (2026.11.26) эсэргүүцэн хүлээн авч, Сингапур санал болгож буй татварт “гүнээ сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлсэн бол Япон уг алхмыг “харамсалтай” хэмээн нэрлэлээ.
Өмнөд Солонгос үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд Вашингтонтой нэмэлт хэлэлцээ хийхээ мэдэгдсэн бол Вьетнам худалдааны хэлэлцээрээ хурдан эцэслэхийг эрмэлзэж, Тайвань өмнө нь тохиролцсон 15 хувийн татварын хэмжээ хэвээр хадгалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Хятад, Энэтхэг улсууд үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлын талаарх Вашингтоны буруутгалыг няцаагаад байна.
Д.Трампын засаг захиргаа Азийн хамгийн том эдийн засаг, үйлдвэрлэлийн төвүүд зэрэг худалдааны 14 гол түнш оронд шинэ татвар ногдуулахаар санал болгосны дараа ийнхүү хариу мэдэгдлүүд хөвөрлөө. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар (USTR) үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал болон АНУ-ын дотоодын үйлдвэрлэлд хохирол учруулж буй зах зээлийг гажуудуулсан үйлдлүүдийн эсрэг 20-оос 40 хувийн үндсэн тариф тогтоохоор санал болгоод байгаа юм. Гэхдээ Вашингтонтой аль хэдийн байгуулсан эсвэл одоо хэлэлцэж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд бодит татварын хэмжээг арай доогуур түвшинд хязгаарлах боломжтой аж. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Гририйн мэдэгдсэнээр, нэгдүгээр сарын 25-нд болох олон нийтийн сонсголын дараа л уг татвар хүчин төгөлдөр болж эхэлнэ.
СИНГАПУР “ГҮНЭЭ СЭТГЭЛ ДУНДУУР” БАЙНА
Сингапур АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, санал болгож буй арга хэмжээнд “гүнээ сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлэв. Тус улсын Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн яам уг дүгнэлтэд Сингапурын гадагшаа чиглэсэн, чөлөөт зах зээлийн эдийн засгийн бүтцийг харгалзан үзээгүй гээд “Сингапурын эдийн засгийн бодлого дотоодын зах зээлээ хамгаалдаггүй, экспортын үйлдвэрлэлд татаас олгодоггүй” хэмээн мэдэгдлээ. USTR зарим бараа бүтээгдэхүүнийг чөлөөлсөн нөхцөлтэйгөөр Сингапурын бараанд 20 хүртэлх хувийн татвар ногдуулахаар санал болгоод байгаа бөгөөд Сингапур удахгүй болох олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр саналаа хүргүүлж, татварыг бууруулах арга замыг эрэлхийлнэ гэжээ.
ХЯТАД “ИЛҮҮДЭЛ ХҮЧИН ЧАДАЛ” ГЭХ УЛС ТӨРИЙН ШАЛТГИЙГ НЯЦААВ
Хятад улс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлын эх үүсвэр болж байна гэх Вашингтоны буруутгалыг няцаасан ч хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлэхээс түдгэлзлээ. Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “Үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал гэх асуудал бодитоор байхгүй бөгөөд үүнийг улс төрийн манипуляци хийх шалтаг болгон ашиглах ёсгүй” хэмээгээд, Д.Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хүрсэн тохиролцоог хамтран хэрэгжүүлэхийг уриалав. USTR-ийн мэдээлснээр Хятадын бараанд 20 хувийн дээд хязгаар бүхий татвар ногдуулах бөгөөд энэ нь Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд тогтоосон 25 орчим хувийн татвар дээр нэмэгдэх юм. Энэ хувь хэмжээ нэгдүгээр сарын 10-нд дуусгавар болох АНУ-Хятадын худалдааны түр эвлэрлийн хүрээнд үйлчлэх бөгөөд хэрэв эвлэрэл задарвал Хятадын татвар 40 хувьд хүрнэ гэж USTR мэдэгджээ.
ЯПОН ТАТВАРЫН САНАЛЫГ “ХАРАМСАЛТАЙ” ГЭЖ НЭРЛЭВ
Япон улс Пүрэв гарагт Вашингтоны санал болгож буй татварыг “харамсалтай” хэмээн нэрлэж, тус улсад үйлдвэрлэлийн бүтцийн илүүдэл хүчин чадал бий гэх АНУ-ын мэдэгдлийг няцаалаа. Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара “Японд зах зээлийн бус бодлогын үйл ажиллагаа эсвэл үйлдвэрлэлийн бүтцийн илүүдэл хүчин чадал байхгүй. Гэтэл үүнийг үл харгалзан Японы эсрэг чиглэсэн арга хэмжээ зарласан нь харамсалтай” гэжээ.
ВЬЕТНАМ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР ЯАРАВЧИЛЖ БАЙНА
АНУ-ын экспортын хамгийн том зах зээл болсон Вьетнам улс Вашингтоны шинэ татвараас зайлсхийхийн тулд АНУ-тай худалдааны хэлэлцээрээ эцэслэхээр ажиллаж байгаа бөгөөд илүүдэл хүчин чадлын эрсдэлээс сэргийлж, албадан хөдөлмөрийн зохицуулалтыг чангатгахаа амлалаа. Хэрэв талууд тохиролцоонд хүрвэл Вьетнамын бараанд 20 хувийн хязгаартай татвар ногдуулах бол хэлэлцээ бүтэлгүйтвэл 35 хувь болж өсөх юм.
ЭНЭТХЭГ ИЛҮҮДЭЛ ХҮЧИН ЧАДЛЫН БУРУУТГАЛЫГ ҮГҮЙСГЭВ
Энэтхэг улс ямар ч салбарт бүтцийн илүүдэл хүчин чадал байхгүй гэдгийг дахин нотолж, худалдаатай холбоотой маргаантай асуудлуудыг хоёр талын худалдааны хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэв. АНУ-ын шинэ саналаар Энэтхэгийн импортод 25 хүртэлх хувийн татвар ногдуулах ч хоёр тал худалдааны хэлэлцээр байгуулж чадвал уг хэмжээг 17 хувиар хязгаарлана гэж Жеймисон Грир хэлжээ.
ТАЙВАНЬ 15 ХУВИЙН ТАТВАР ХЭВЭЭР ҮЛДЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Тайванийн Засгийн газар өмнө нь хоёр талын тохиролцсон 15 хувийн татварын хэмжээг Вашингтон хэвээр хадгална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тайванийн Шадар сайд Чэн Ли-чюнь “АНУ-ын гол зорилго бол харилцан татварын бодлогынхоо хууль эрх зүйн үндсийг сэргээх явдал болохоос гэрээний агуулгыг өөрчлөх явдал биш. Тиймээс гэрээ бүхэлдээ өөрчлөгдөхгүй, дахин хэлэлцээ хийхгүй” гэжээ. Тайвань нь АНУ-д 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоноос гадна дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч TSMC компани АНУ-д шинэ үйлдвэрүүд барихад 265 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа юм.
ӨМНӨД СОЛОНГОС НЭМЭЛТ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
Өмнөд Солонгос үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд Вашингтонтой нэмэлт зөвлөлдөх уулзалт хийнэ гэж мэдэгдээд, тус улсын аж үйлдвэрийн салбар нь АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээний салшгүй хэсэг гэдгийг онцлов. USTR Өмнөд Солонгосын бараанд 15 хувийн хязгаартай татвар санал болгосон ч цаашдын зөвлөлдөх уулзалтын үр дүн болон өнгөрсөн онд 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багцын хариуд байгуулсан худалдааны гэрээний хэрэгжилтээс хамаарч уг хувь 25 хувь болж өсөж магадгүй байна.
ТАЙЛАНД ӨМНӨХ ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ НИЙЦЭЖ БАЙНА ГЭВ
Харин Тайланд улс Вашингтоны зүгээс Тайландын бараанд 18 хүртэлх хувийн татвар санал болгосон нь хоёр талын өмнөх хэлэлцээртэй нийцэж байгаа бөгөөд энэ нь Тайландын бүтээгдэхүүн хамгийн том экспортын зах зээл болох АНУ-д өрсөлдөх чадвараа хадгалахад тусална гэж Худалдааны яам нь мэдэгдлээ.
ТАТАР МАЙДАР






Гадаад



