Тайванийн 中天新聞 (“CTi News”) телевизийн “Үдшийн мэдээ” хөтөлбөрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан тушаалаасаа огцорсон үйл явдал болон Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн шинжээчийн дүн шинжилгээг онцлон дамжууллаа.
Нэвтрүүлгийн эхэнд хөтлөгч мэдээ танилцуулахдаа, Монгол Улсын парламентын санал хураалтад оролцсон 104 гишүүний 96 нь дэмжсэнээр Монголын түүхэнд анх удаа бүрэн эрхийн хугацаандаа өөрийн хүсэлтээр огцорсон Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн тухай мэдээлэв. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж, дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль зарлан явуулах ёстойг дурдаад, түүнийг долоон жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төмөр замын төслөөс авлига авсан хэрэгт холбогдсоны улмаас огцорсон хэмээн тайлбарлалаа.
Үүний дараа студид уригдсан шинжээч, Элчин сайд асан Же Чиэ Монголын улс төр яагаад ийнхүү тогтворгүй байдаг шалтгааныг тайлбарлан ярилаа. Тэрбээр юуны өмнө Монголд жижиг намууд хэт олон, дээр нь төрийн авлига туйлын ноцтой түвшинд хүрсэн тул ЗХУ-ын нөлөөнөөс гарснаас хойш улс төрийн нөхцөл байдал нь нэг ч удаа тогтворжиж байгаагүй, хэдэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч солигдсоныг тоолохын аргагүй болсныг онцлов.
Шинжээч Же Чиэ цааш нь хэлэхдээ “Миний Монголын талаарх мэдлэг хязгаарлагдмал ч гэлээ Монгол бол угаасаа овог аймгийн зохион байгуулалттай нийгэм байсан. Хэдийгээр бүгд нэг монгол үндэстэн боловч бүс нутаг, жалга дов бүр өөр өөрийн гэсэн онцгой хэлхээ холбоотой. Гурван сая орчим хүн амтай хэрнээ энэхүү овог аймгийн буюу жалга довны сэтгэлгээнээс болоод эрх мэдэлд хүрсэн хүмүүс нь юуны түрүүнд өөрийн бүлэглэл, нутгийнхныхаа эрх ашгийг хамгаалдаг. Тиймээс нэгдсэн хүчирхэг төр улс төлөвшихөд маш хэцүү байдаг” гэжээ.
Түүнчлэн тэрбээр Монгол Улсад очсон гадныхан тус улсыг “газар доороо алт эрдэнэс, бүх төрлийн ашигт малтмалаар дүүрэн, байгалийн өгөгдөл нь гайхалтай сайхан орон” гэж хардаг ч бодит байдал дээр огт хөгжиж чадахгүй байгааг шүүмжилсэн байна. 1990-ээд он болон XXI зууны эхэн үед олон улс орон, тэр дундаа Европын Холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд Монголд асар их хэмжээний зээл тусламж олгож дэмжсэн боловч өнөөдрийг хүртэл эдийн засаг нь сэргэж чадалгүй, зөвхөн түүхий эд зарж амь зогоосоор байгааг тэрбээр дурдлаа.
Мөн тэрбээр Монголд хууль эрх зүйн тогтолцоо сул тул гадаадын зарим хүмүүс дураараа авирладаг хэмээгээд, саяхан Японы нэгэн компанийн удирдах ажилтан Монголын алслагдсан бүс нутагт очиж ховордсон загас хууль бусаар агнасан хэргийг жишээ болгон ярив.
Төгсгөлд нь шинжээч Же Чиэ “Өнгөрсөн удаа Монголын Ерөнхий сайд огцорсон шалтгаан бүр ч инээдтэй байсан. Түүний хүүгийн найз бүсгүй цахим сүлжээнд тансаг брэндийн цүнх, эд зүйлсээ гайхуулж тавьснаас болоод олон нийт ‘Хүүгийнх нь найз бүсгүй яагаад ийм баян байдаг билээ?’ гэж шалгаад авлигын хэрэг нь илэрч огцорч байсан. Энэ удаа Ерөнхийлөгч нь бас л авлигын хэргээр огцорлоо. Хэрэв Монголын улстөрчид ам дүүрэн эх оронч үг ярьдаг хэрнээ хөшигний ард авлига авдаг энэ байдлаа өөрчлөхгүй бол энэ улсын ирээдүй гэрэлтэй харагдахгүй байна” хэмээн дүгнэжээ.
ТАТАР МАЙДАР






Улс төр



