УИХ-д өргөн барьсан "Өгөгдлийн тухай" хуулийн шинэ төсөл гадаадын хөрөнгө оруулагчдад олон төрлийн "татвар, хураамж" тулгаж магадгүйг шинжээч анхааруулав.
Монгол Улсын Засгийн газар болон Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас Монголыг хиймэл оюун ухаан (AI) болон дата төвийн бүс нутгийн зангилаа болгох амбицтай төлөвлөгөөг дэвшүүлж, УИХ-д "Өгөгдлийн тухай" хуулийн төслийг шинээр өргөн бариад байна. Тэгвэл Монгол Улс үнэхээр дэлхийн хэмжээний 100 Мегаватт (МВ) хүчин чадалтай AI дата төвийг өөрийн хөрсөн дээр дэмжиж чадах уу?
Мэдээллийн технологи, дата шинжээч Роберт Риц үүний эдийн засаг болон эрх зүйн орчны эрсдэлийг тооцоолсон сонирхолтой дүн шинжилгээг хийжээ.
100 МВ дата төв барихад 6.7 тэрбум доллар шаардлагатай
Шинжээчийн урьдчилсан тооцоогоор Монголд ийм хэмжээний аварга дата төв барихад уул уурхайн Оюу-Толгой төсөлтэй дүйцэхүйц буюу 6.7 тэрбум ам.долларын асар том хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Үүнийг дотор нь задалж үзвэл:
-
NVIDIA GB300 NVL72 супер системүүд: 3.17 тэрбум доллар
-
Сүлжээ ба дата хадгалах төхөөрөмж: 670 сая доллар
-
Барилга, хөргөлтийн систем, дэд бүтэц: 1.3 тэрбум доллар
-
Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр (Салхи, нар, батерей): 1.06 тэрбум доллар
-
Тээвэрлэлт болон бусад зардал: 500 сая доллар
Энэхүү төсөл нь уул уурхай шиг асар их газар нутаг сүйтгэхгүй, ердөө 30–60 га талбай шаардах тул Монголын эдийн засагт маш ашигтай эко-технологийн салбар юм.
Хуулийн төслийн давуу тал: "Халдашгүй дархан байдал"
Шинэ өргөн баригдсан хуулийн төслийн 13.2-т гадаадын компаниудын Монголд байршуулсан дата төвд Монголын хууль хяналтынхан халдаж, электрон болон биет үзлэг хийх, үйл ажиллагааг нь зогсоохыг хатуу хориглосон байна. Энэ нь дата тусгаар тогтнолыг хангасан маш том давуу тал юм. Түүнчлэн, Хятад, Орос зэрэг хөрш орнуудаар дамжих дата урсгалыг тасалдуулахгүй байх тусгай олон улсын гэрээ байгуулахаар тусгажээ.
Харин сул тал нь юу вэ? "Асар олон хураамжийн заалтууд"
Эдгээр өндөр хамгаалалтыг Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчдад зүгээр өгөхгүй, "үнэ төлбөртэй" байхаар хуульчилж байна. Тухайлбал, хуулийн төслийн 13.12-т зааснаар гадаадын дата төвүүд дараах хураамжуудыг улсын төсөвт төлөх үүрэг хүлээж магадгүй аж:
-
Халдашгүй байдлын баталгааны төлбөр (Inviolability guarantee fee)
-
Сүүлийн үеийн бага тойргийн хиймэл дагуулын сүлжээ ашиглаж дата экспортловол Тусгай үйлчилгээний хураамж
-
Өөрийн дата төвд зориулж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр баривал Эрчим хүчний хараат бус байдлын хураамж
-
Нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх хүртэл төлөх Хүлэмжийн хийн ялгарлыг нөхөх төлбөр
-
Дата төвийн тооцоолон бодох, хадгалах багтаамжийн тодорхой хувийг Монголын төрийн байгууллага, их дээд сургуулиудад үнэ төлбөргүй ашиглах эрх олгох.
Zogii.mn-ийн дүгнэлт:
Дата шинжээчийн үзэж байгаагаар хуульд эдгээр хураамжуудыг оруулсан нь буруу биш ч, хураамжийн яг таг хэмжээ, тарифыг хуулиндаа заагаагүй, дараа нь Засгийн газар тогтооно гэсэн нь хамгийн том эрсдэл гэнэ. Хөрөнгө оруулагчид Оюу Толгой шиг дараа нь гэрээний нөхцөл өөрчлөгдөх, татвар нэмэгдэх тодорхойгүй орчноос айдаг гэдгийг Роберт Риц анхааруулсан байна.
Дэлхийн өөр аль ч улс гадаадын дата төвүүдэд тусгайлан ийм хэмжээний багц хураамж тулгадаггүй тул хэрэв тарифыг маш тодорхой, тогтвортой болгож өгөхгүй бол гадаадын тэрбум тэрбум долларын технологийн хөрөнгө оруулалт Монголыг тойрч гарах эрсдэлтэйг мөн анхааруулжээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг




