Украины Зэвсэгт хүчин Крымын гүүр рүү хоёр хоног дараалан довтолсны улмаас гүүрний байгууламжид ноцтой эвдрэл учирч, автомашин болон галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос “террорист халдлага” үйлдсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
ХОЁР ШӨНӨ ДАРААЛСАН ДРОНЫ ЦОХИЛТ
Москвагаас томилогдсон Крымын тэргүүн Сергей Аксенов нэг хоногийн дотор Крымын гүүр рүү хоёр дахь удаагаа халдлага үйлдсэнийг мэдээлж, гүүрний чиглэлд зорчихгүй байхыг иргэдэд уриалсан байна. Шуурхай төвийн мэдээллээр арваннэгдүгээр сарын 16-ны шөнийн 23:54 цагт гүүрний хөдөлгөөнийг зогсоосон бол шөнө дундын дараа Онцгой байдлын яамнаас Крым болон Краснодарын хязгаарт пуужингийн аюул зарлажээ. Өмнөх шөнийн халдлагын дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хохирлыг “бага хэмжээний” хэмээн үнэлж байсан юм.
Харин ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос “Арваннэгдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Украины зэвсэгт бүлэглэлүүд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан Крымын гүүр рүү халдсаны улмаас гүүрний хийцэд эвдрэл учирсан” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
ГҮҮРНИЙ НУМАН ХЭСЭГ НУРЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААВ
Нийгмийн сүлжээ болон хяналтын сувгуудаар тархсан гэрэл зураг, дүрс бичлэгүүдээс харахад шөнийн цохилтын дараа авто замын гүүрний нуман хэсэг болон түүний доорх дам нуруу нурсан байна. Анхны цохилтын дараа зөвхөн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байсан бол Мягмар гарагт автомашин төдийгүй төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг ч мөн зогсоожээ.
Украины эрх баригчид Крымын гүүрийг хууль бусаар баригдсан байгууламж бөгөөд нураах ёстой хууль ёсны цэргийн бай хэмээн үздэг юм. Гэхдээ Украины цэргийнхэн энэ удаагийн цохилтын талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
В.ЗЕЛЕНСКИЙ КРЫМЫН ГҮҮРЭНД ХИЙСЭН ЦОХИЛТЫГ “УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙ АЖИЛЛАГАА” ХЭМЭЭН НЭРЛЭЛЭЭ
Украин улс Оросыг эзлэгдсэн Крымтэй холбодог стратегийн чухал гүүрэнд ноцтой хохирол учруулсан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг хэдэн долоо хоногийн турш бэлтгэсэн “урьд өмнө байгаагүй ажиллагаа” хэмээн мэдэгдлээ.
Украины албаныхны нийтэлсэн зургуудаас харахад Крымын гүүрний нэг хэсэг нурж усанд унасан нь Москвагийн дайны ажиллагаанд ложистикийн төдийгүй бэлгэдлийн томоохон цохилт болжээ. Харин Кремлийн зүгээс гүүрийг “өмнөхөөсөө ч илүү сайжруулан” дахин сэргээн босгоно гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Киев хотын дарга Виталий Кличко Оросын шөнийн цохилтын улмаас хаагдаад байсан Днепр мөрний гол гарцууд болох Умард (Пивничный) болон Өмнөд (Пивденный) гүүрний хөдөлгөөн хэсэгчлэн сэргэснийг мэдээлэв.
Украин улс фронтын шугам руу чиглэх Оросын цэргүүдийн авто зам болон төмөр замын гол тээврийн зангилаа болсон Крымын гүүрийг эртнээс бай болгосоор ирсэн ч бүрмөсөн хааж чадахгүй байсан юм. Киев газрын тос боловсруулах үйлдвэр, агуулахуудад цохилт өгөх замаар Оросын дайны эдийн засгийн зардлыг өсгөхийг зорьж ирсэн бол энэ удаад гүүрийг сүйтгэсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд учруулах улс төрийн хохирлыг нэмэгдүүлэх оролдлого боллоо.
Энэхүү цохилт нь В.Путин Хятад болон АНУ-ын удирдагчидтай уулзах чухал мөчийн өмнөхөн болж байгаагаараа онцлогтой бөгөөд олон улсын анхаарлын төвд эргэн ирэх түүний боломжид сүүдэр тусгаж болзошгүй байна. Сануулахад, Орос улс 2014 онд Украины өмнөд хойг болох Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэснийхээ дараа уг гүүрийг барьсан билээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




