Өвлийн улирал хаяад ирлээ. Яагаад ч юм "өвөл" гэдэг гэмгүй энэ үг хоолой боож бачимдуулсан утаа хэмээх хар гай шиг сонсогдох болсоор уджээ. Нийслэлийн нийт утааны 80 хувь нь гэр хорооллын 220 мянга орчим өрх, нам даралтын 1300 гаруй зууханд нүүрс шатааснаас үүдэлтэй.
Нийслэлчүүд бид өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх аж. Ингэснээр агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоог ч мөн гаргасан.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг утааны эх үүсвэрийн 20 хувийг нүүрсний утаа эзэлж байсан бөгөөд тэд агаарын бохирдлоо бууруулахын тулд хатуу түлшийг халсан байдаг. БНХАУ-ын томоохон хотын зарим дүүрэг өнгөрсөн оноос түүхий нүүрснээс бүрмөсөн татгалзаж, хатуу түлш шатаан утаа уугиулдаг байсан 1.2 сая айл өрхийг дөрөвхөн жилийн дотор хийн түлшид холбожээ.
Гэтэл бид хойд хөршөөс хэд дахин бага тооны хэрэглэгчдээ нүүрснээс салгах гэсээр өчнөөн жилийн нүүрийг үзэж энэ хугацаанд амьтай бүхэн хордож, аргатай бүхэн эх орноосоо дайжсаар...
Харин Монгол улсын Засгийн газар өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн нүүрсний хэрэглээг ор тас хориглох заалт гаргасан одоо л нэг загатнасан газар маажив гэгч болсон. Улмаар сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж одоогоор шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн болоод хувьсгалын 10 гаруй компани байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 11 компани нэгдэж, "Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийг хүртэл байгуулаад амжсан.
Харин зуны сар зургаа биш болохоор хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд өнөөх сайжруулсан шахмал түлшний талаар иргэд ам уралдан ярьж, бичицгээж байна.
Иргэдийн сэтгэгдлээс жишээ дурдахад "Энэ түлшийг нэг шуудайг 3750 төгрөгөөр худалдаж аваад хэрэглэж үзээд үнэхээр гутарлаа. Ямар ч илчгүй, үнс нь дийлдэхгүй. Шуудай нүүрсийг 2 удаа түлээд л дуусч байна" , "Энэ түлш налайхын нүүрснээс илүү тортогтой юм байна шүү дээ", "Түүхий нүүрснээс их утаа гарч байна, энэ чинь энэ өвөл жинхэнэ утгаараа утаанд амьдрах юм биш үү" гэх мэтчилэн шахмал түлшний чанарыг шалгасан хэрэглэгчид сошиалд ам уралдан бичицгээж байна.
Монгол Улс өнгөрсөн 10 жилд их наяд төгрөг рүү ойртсон хөрөнгө цацсан ч утаа өтгөрснөөс өөр үр дүн авчираагүй. Харин Монгол Улсын 2021 он хүртэл хэрэгжүүлэх Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгаснаар сайжруулсан түлшийг дэмжиж, дэд бүтцийг шийдэж, гэр хорооллыг бүрэн хангах ажил нийт 660 гаруй тэрбум төгрөг нэхэж байгаа. Гэтэл эхний бодит байдал яг одоогийн байдлаар ийм л байна. Өвлийн ид хүйтэн тачигнахад иргэд маань сайжруулсан түлшний ид шидийг үзэж чадахгүй бол жинхэнэ утгаараа юу олдсоноо л /дугуй, хуванцар сав/ түлэх вий дээ. Ядарсан муу иргэд нь онд мэнд л орохсон доо.