Антибиотикийн тэсвэржилт тархахаас сэргийлэх, ирээдүйд гарах аюулаас зайлсхийхийн тулд 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулдаг болсон. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршдог.
Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 2019 оны 11 сарын 18- 24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж байна.
ДЭМБ-аас гаргасан 2015 оны судалгаанаас харахад манай улс дэлхийд антибиотикийн хэрэглээгээрээ дээгүүрт бичигдэж байгаа бөгөөд дур мэдэн зохисгүй хэрэглэдэг нь эрсдэл дагуулж байгаа юм.
Антибиотикийг нээж эмчилгээнд хэрэглэж эхэлсэн нь сайшаалтай боловч байнга хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэх нь хүн ба амьтны эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг үүсгэж, улмаар нян антибиотикт тэсвэржиж, эмчилгээ үр дүнгүй болох эмчилгээний хугацаа уртсах олон аюулыг дагуулж байна.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног"-ийн хүрээнд хэлэхдээ:
" Нянгийн тэсвэржилтээс болж дэлхий даяар 700,000 хүн нас бардаг. Энэ нь өдөр бүр 2000 орчим хүн гэсэн үг. Энэ нь дунджаар Монголын нэг сумын хүн ам. Үүнээс ихэнхи хүмүүс нь олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөс болж байна. Өнөөдөр, хэрвээ бид яг одоо арга хэмжээ авч, ирээдүйдээ эзэн нь болохгүй бол нянгийн тэсвэржилт улам их асуудлыг авчирна. 2050 он гэхэд жилд 10 сая гаруй хүний амь насыг алдах эрсдэл байна. Халдварт өвчний эсрэг бидний авч буй арга хэмжээ, Тогтвортой хөгжлийн зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхээр хэрэгжүүлж буй бидний үйл ажиллагаа удаашрах аюул нүүрлэж байна.
Монгол улсын Засгийн газраас нянгийн тэсвэржилттэй тэмцэхээр олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Одоо түүний хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй байна" гэлээ.
Хамгийн чухал нь антибиотик бага хэрэглэдэг ч тэсвэржсэн нянгийн халдвар авах эрсдэлтэй. Тиймээс антибиотик хэрэглэхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвөлгөө авч, гараа тогтмол угааж өвчин тархахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн вакцинд байнга хамрагдаж эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс бэлтгэж хэрэглэж заншаарай.
АНТИБИОТИКИЙН ХЭРЭГЛЭЭ БИДНИЙ ГАРТ- ЭМЧИЙН ЗААВРААР ЗӨВ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ!