Испанийн Канарын арлуудын Гран Канариа арлын Терор хотноо 11-р сарын 16-20-ны хооронд 10 дахь удаагаа зохион байгуулагдсан “Villa de Teror” олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд (X International Opera Singing Competition “Villa de Teror”) Монголын дуурийн дуучин Гантөмөрийн Мөнхцэцэг тэргүүн байрын шагнал хүртлээ.
Сопрано дуучин маань шигшээ тоглолтод Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн алдарт ари болох "È strano! ... Sempre libera"-г төгөлдөр хуурч Наузет Медеросын (Nauzet Mederos) хамт дуулж тэргүүн байр эзэлжээ.

Терор хотын "Auditorio de Teror" концертын танхимд болсон энэхүү нэр хүндтэй тэмцээнийг "Producciones Vida Inacto" болон Терор хотын Захиргааны Соёлын хэлтэс хамтран зохион байгуулжээ. 18-аас дээш насны олон улсын уран бүтээлчид өрсөлдсөн тус уралдаан нь дуурь, Испанийн уламжлалт зарзуэла болон сонгодог романс гэсэн төрлүүдээр явагдсан байна.
Монголоос хоёр дуучин өрсөлджээ
Энэ удаагийн тэмцээнд нийт 18 дуучин шалгаран оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Гантөмөрийн Мөнхцэцэг болон Эрдэнэбатын Уянга нар оролцсон аж. Тэд Испани, Португал зэрэг орны шилдэг дуучидтай авьяас чадвараараа өрсөлдсөнөөс Г.Мөнхцэцэг шигшээ тоглолт буюу Гала концертод онцгойрон шалгарч, тэргүүн байр болон 1,500 еврогийн шагналын эзэн болжээ. Харин уралдааны дэд болон гутгаар байрт тус бүр 1,000 болон 500 еврогийн шагнал олгосон байна.
Ялалтынхаа дараа дуучин Г.Мөнхцэцэг энэхүү амжилтад хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нар болох Самбуугийн Аяана, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Аюурзанын Долгор болон багш Констанц Альбрехт (Constanze Albrecht) нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Дашрамд дурьдахад Самбуугийн Аяана тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд гурав дахь удаагаа уригдан ажилласан байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл



