Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Олон улсын таргалалтын холбооны сүүлийн үеийн статистик мэдээллээр Азийн орнуудын таргалалтын түвшний жагсаалтыг танилцуулжээ. Уг жагсаалтаас харахад Монгол Улс Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа хоёрдугаар байрт орсон бол нийт Ази тивийн хэмжээнд эхний аравт багтсан байна.
Судалгаагаар Монголын насанд хүрэгчдийн 23.6-25.5 хувь нь таргалалттай буюу биеийн жингийн индекс нь 30-аас дээш гэж бүртгэгджээ.
Зүүн болон Зүүн Өмнөд Азид "мөнгөн медаль"
Олон нийтийн сүлжээ болон статистикийн инфографикууд дээр хамгийн их хуваалцдаг Зүүн болон Зүүн Өмнөд Азийн ангилалд манай улс Брунейн дараа орж, хоёрдугаар байрт бичигдсэн байна.
-
Бруней (32% - 37.7%)
-
Монгол (23.6% - 25.5%)
-
Малайз (22.4% - 23.6%)
Харин энэ бүс нутгийн хамгийн "туранхай" орнуудаар Вьетнам (2.4%), Зүүн Тимор (3.6%) зэрэг улсууд нэрлэгдсэн бөгөөд тэд дэлхийн хэмжээнд ч хамгийн бага таргалалттай орнуудын тоонд багтдаг аж.
Хөршүүдээсээ "том"
Нийт Ази тивийг Ойрх Дорнодтой хамт авч үзвэл Персийн булангийн баян орнууд таргалалтаараа тэргүүлдэг байна. Тодруулбал, Катар (42.4%), Кувейт (41.3%), Саудын Араб (39.2%) зэрэг орнууд эхний байруудад жагсжээ.
Сонирхуулахад, бид Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг Зүүн Азийн хөршүүдээсээ хамаагүй өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал, Япон болон Өмнөд Солонгост таргалалт 5-7 хувь орчим байдаг бол Монголд энэ тоо 4 дахин их байгаа юм. Харин нүүдэлчин гаралтай, мах гурил голлосон хүнстэй Төв Азийн хөршүүд болох Казахстан (21.4% - 22.4%), Кыргызстан (18.8%) зэрэг орнуудтай бидний үзүүлэлт тун ойролцоо гарчээ.
Түүнчлэн зөвхөн таргалалт гэлтгүй "илүүдэл жинтэй" хүмүүсийг нийлүүлж тооцвол Монголын насанд хүрэгчдийн 60 орчим хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн харамсалтай дүн гарсан байна.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд



