Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр ОХУ-Монгол улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:32 минутад 6.8 магнитудийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Хөвсгөл аймгийн ойролцоо Ханх сумаас 20 гаруй км-н зайд Хачны ам гэх газар хөдлөлтийн идэвхтэй бүс байгааг тогтоожээ.
Тус сумын Хороо, Ходон багийн нутгийн малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл одоог хүртэл мэдрэгдэж байгаа аж. Тус багуудын зарим газарт цууралт хагарал үүссэн, малчдын хашаа нурсан, байшингийн тааз нурсан зэрэг гэмтлүүд гарчээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүдэн хүн гэмтсэн зүйлгүй байна.
Ханх сумын төвд 11 цаг өнгөртөл чичирхийлэл үе үе мэдрэгдэж байсан байна. ЗДТГ, Эрүүл мэндийн төв, өргөтгөл, сургуулийн дотуур байр, хичээлийн байранд цууралт үүссэн. Доторх тавилга эд зүйлсийн байр өөрчлөгдсөн байгаа аж. Тиймээс албан хаагчид ажиллах боломжгүй тул өнөөдөр гэртээ байх үүргийг сумын Онцгой комиссоос өгчээ.
Хөвсгөл нуурын мөсөнд хагаралт, няцралт ихтэй харагдаж байгааг сумын Онцгой комиссын гишүүн, ИТХ-ын дарга М.Оюунбат мэдээллээ.
Б. Гэрэлням



АДМИН







Нийгэм





