АНУ-ын нэр хүндтэй Los Angeles Times сонины дэргэдэх “LA Times Studios” сэтгүүлийн 2026 оны өвлийн дугаарт 2027 онд тансаг зэрэглэлийн болон онцгой аялал сонирхогч жуулчдын зорих дэлхийн шилдэг чиглэлүүдийг онцолсон бөгөөд Ази тивээс Хонконг, Японы Мие муж болон Монгол Улсыг нэрлэжээ.
Сэтгүүлийн ерөнхийлөгч Анна Магзанян уншигчдад хандсан захидалдаа 2027 оны аялал жуулчлалын хамгийн том өөрчлөлт нь таван одтой зочид буудлын тансаг байдлаас илүүтэй тухайн нутгийн соёл, ахуй амьдралд гүн нэвтэрч, нутгийн иргэдтэй амьд харилцаа үүсгэх явдал болж байгааг дурдсан байна.
“LA Times”-ийн онцолсон 2027 оны аяллын гол чиглэлүүд:
-
Монгол Улс (Улаанбаатар): Азийн уламжлалт жуулчдын хөлд дарагдсан замаас гарах хандлагын хүрээнд тус сэтгүүл “Улаанбаатар хот ганцхан хөндийд Монголын бүхэл бүтэн түүхийг агуулж байна” хэмээн онцлоод, “Шилэн цамхгуудын дор лам хуврагууд ном хурсаар буй дэлхийн хамгийн хүйтэн нийслэл” гэсэн тусгай нийтлэл бэлтгэн оруулжээ.
-
Азийн бусад чиглэлүүд: Хонконгийн жуулчны хөтөч дээр тэр бүр байдаггүй гудамжны хоолны зах, Ламма арлын явган аялал болон Токио, Киотогийн хөл хөдөлгөөнөөс ангид Японы Мие мужийн эртний сүм хийдүүдийг онцолсон байна.
-
Европын чиглэлүүд: Хорватын Далмацийн эргийн Трогир хот, энэ жил дарвуулт завьтай жуулчдын урсгал нь 17 гаруй хувиар өссөн Монтенегро болон автомашин нэвтэрдэггүй Грекийн дундад зууны цайз хот Монемвасияг нэрлэжээ.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг


