Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы охины бие өвдөж эмчилгээний зардал бүрдүүлэхийн тулд орон нутагт тоглолт зохион байгуулж байгаа талаарх бичлэг цахим орчинд тархсан. Тус асуудлаар жүжигчин Д.Дэлгэрсайхантай холбогдож тодрууллаа.
Цахим орчинд тавигдсан бичлэг хэзээний бичлэг вэ?
Тухайн бичлэг бол жил гаруй хугацааны өмнөх бичлэг. Тухайн үед УОК-т албан ёсоор хүсэлт гарган орон нутагт тоглосон. Энэ жил дахиад орон нутагт тоглолтоо хийгээд явж байна.
Охины тань бие гайгүй юу?
Охин минь жил гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж бие нь дээрдэж байгаа. Тийм учраас хандивын тоглолтоо удахгүй дуусгана.
Ямар аймгуудаар тоглолт хийж байна вэ?
Өнөөдөр Архангай аймгийн Хашаат суманд тоглоно. Үргэлжлүүлээд Булган аймгийн Дашинчилин, Могод гэх зэрэг 4 сумдаар тоглоод дуусна.
Хандивын тоглолтод хамтлагийнх нь гол жүжигчин яваагүйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Маск продакшны зүгээс хэрхэн дэмжиж байгаа вэ?
Хүмүүс буруу, зөрүү ойлгоод байх шиг байна. Бид байнга холбоотой байгаа. Орон нутагт тоглолт хийх бүх зардлыг буюу хоол, унаа, байрлах зочид буудлын хөлс гээд бүгдийг нь манай продакшн гаргаж өгсөн. Мөн залуу жүжигчид маань бүгд явж байна. Үүнээс илүү дэмжлэг байхгүй гэж бодож байна. Хэрвээ цаашид охины маань бие хүндэрч, магадгүй гадагшаа эмчилгээнд явах шаардлага тулгарвал ганцхан Маск продакшн төдийгүй Монголын хошин урлагийн бүх л жүжигчид дэмжинэ гэдгийг хэлмээр байна. Та бүхнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.
АДМИН








Нийгэм







